Их Британид агаарын бохирдлын улмаас хүүхэд амиа алдсан гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нэгэн бодит явдал бий.
Хэргийн талаар дурдвал, Английн иргэн Розамунд Аду-Кисси-Дебра (Rosamund Adoo-Kissi-Debrah) нь 2013 онд нас барсан 9 настай охин Элла Адо-Кисси-Дебра (Ella Adoo-Kissi-Debrah)-гийнхаа үхэлд агаарын бохирдлыг буруутгаж, шүүхэд ялалт байгуулсан түүх юм.
Тэд Лондон хотын өмнөд хэсгийн агаарын бохирдлын өндөр бүсэд тооцогдох Льюишем дүүрэгт амьдардаг байжээ.
Эллагийн өвчин ба түүний үхэл
9 настай Элла охин 2010-2013 оны хооронд нийт 27 удаа астма өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэж байсан ба эцэст нь амьсгалын замын дутагдлаас болж амиа алдсан юм. Түүний үхэл Английн шүүхийн түүхэнд анх удаа агаарын бохирдол нас баралтын шалтгаан гэж тогтоосон тохиолдол болсон.
Шүүхийн шийдвэр
Тэд азотын давхар исэл болон тоосонцорын бохирдлын хэмжээ байнга өндөр байдаг Льюишем дүүрэг дэх Өмнөд тойрог замын ойролцоо амьдардаг байсан. Хэргийг мөрдөн шалгах явцад охиныг нас барахаас өмнөх гурван жилийн хугацаанд агаарын бохирдлын хэмжээ хуулиар тогтоосон хэмжээнээс хэтэрч байсан тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн болохыг тогтоожээ.
2020 онд болсон дахин шинжилгээний үеэр шүүхээс Элла охины үхэл нь агаарын бохирдолтой холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, түүний амьдарч байсан орчинд азотын давхар исэл (NO₂) болон хатуу тоосонцорын хэмжээ (PM) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжөөс хэд дахин их байсныг нотолсон.
Ингээд, шүүгчийн дүгнэлтэд агаарын бохирдлыг хууль ёсны хэмжээнд хүртэл бууруулж чадаагүй, мөн Элла охины эхэд агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, эрсдлийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байгааг онцолжээ.
Эхийн тэмцэл ба үр дүн
Розамунд Аду-Кисси-Дебра энэ хэрэг явдлаас хойш агаарын бохирдлыг бууруулахын төлөө идэвхтэй тэмцэгч болж, цаашид агаарын бохирдолтой холбоотой эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд агаарын чанарын стандартыг чангатгах, хууль тогтоомж гаргахын төлөө тэмцсээр байгаа юм. Мөн, тэрбээр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд төр засгийн удирлагууд илүү хатуу бодлого хэрэгжүүлж эхлэхийг шаардсан. Түүний тэмцэл нь зөвхөн Англид бус Дэлхий даяар агаарын бохирдлоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн хямралд ихээхэн анхаарал хандуулж, бүх нийтийг цэвэр агаараар хангахад чиглэсэн бодлогын хэлэлцүүлгүүдэд нөлөөлсөөр байна.
Энэ хэрэг агаарын чанарыг сайжруулах, бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлийн талаарх олон нийтийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байгаа юм.
Шүүхэд ялалт байгуулсан Розамунд Аду-Кисси-Дебра болон түүний нас барсан охиноос нь Их Британийн Засгийн газар албн ёсоор уучлалт гуйж, тэдний гэр бүлийнхэнтэй санхүүгийн тохиролцоонд хүрч, 9 настай бяцхан охины үхэлд агаарын бохирдол нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, ялангуяа бага орлоготой бүс нутгийн агаарын чанарын асуудлыг онцгойлон анхаарч, өргөн хүрээнд шийдвэрлэхээр амлалт өгсөн байна.
Эх сурвалж: The Guardian