Монгол Улс дэлхийн хамгийн цэвэр эрчим хүчид тооцогдож буй цөмийн энергийн түүхий эдийг олборлон экспортлогч болоход ойртсоор байна. Ураны зах зээлийн оролцогч болох нь Монгол Улсын хувьд экспортоо төрөлжүүлэхээс гадна гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж байгаа, стратегийн чухал бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч болж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж байгаа гээд дотооддоо ч тэр, гадаад зах зээлд ч тэр олон ач холбогдолтой.
Манай улс ийнхүү цоо шинэ ашигт малтмалын олборлогч болохоор чармайх зуур дэлхийн ураны зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч байна. Тодруулбал, дэлхийн эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг дагаад цэвэр эрчим хүчний түүхий эд болох ураны ханш эрчтэйгээр өсөж байна.
Товчхондоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ураны зах зээлд таатай цаг үе ирж байгаа нь манай улсын хувьд таатай мэдээ. Харин нөгөө талд зах зээлд өрсөлдөгчид байсаар байгааг анзаарахгүй байж болохгүй.
Дэлхийд ураны нөөцтэй 20 орон байгаагаас Монгол Улс эхний 10-т эрэмбэлэгдэж буй. Манай улсын араас Узбекистан бичигдсэн байна. Тэгвэл тус улс 2017 онд ОХУ-тай цөмийн эрчим хүч ашиглах гэрээнд гарын үсэг зурж, 2019 онд реактор байгуулах газраа сонгосноос гадна Францын “Орано” групптэй ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бол 2022 оны арваннэгдүгээр сард стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, геологи хайгуулын төсөл, ураны шинэ уурхайн бүтээн байгуулалт зэрэг хэд хэдэн хамтарсан санаачилгыг эхлүүлж амжжээ.
Өөрөөр хэлбэл, улс орнууд боломжийг олж харж, маш хурдтай ажиллаж байгааг энэ жишээнээс харж болно.
Тиймээс Монгол Улс гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээг нухацтай хийх шаардлагатай ч хугацаа хэт алдахгүй байх нь эдийн засгийн үр ашгийн хувьд чухал болоод байна.
Монгол Улс ногоон эрчим хүчинд хөрөнгө оруулна
Хүн төрөлхтөн дэлхийн дулаарлын эсрэг ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд голлон анхаарч буй энэ цаг үед улс орнууд хүлэмжийн хий, нүүрснээс татгалзаж байна. Харин сүүлийн үед атомын цахилгаан станц сэргэх хандлага ажиглагдаж, цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч буюу байгальд хамгийн ээлтэй гэж тодорхойлох боллоо. Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох ураны нөөцийн 90 гаруй хувь нь дэлхийн 13 улсад бий, түүний нэг нь манай улс бөгөөд өнөөдрийн байдлаар ураны 13 ордод 192 мянган тонн нөөц тогтоогдсон.
Дэлхий нийтээрээ нэг жилд 60,000 гаруй тонн уран хэрэглэдэг тооцоолол бий. Түүний 15 хувийг ханган нийлүүлдэг, мөн олборлолтоороо тэргүүлдэг, олон жилийн туршлагатай Франц Улсын “Орано” групптэй манай улс энэ салбарт хамтран ажиллаж байгаа нь том ололт юм. Франц Улсын төрийн өмчит “Орано” групп болон Монголын төрийн өмчит “Мон-Атом” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компани 25 жил хайгуул судалгаа хийсний үр дүнд 100 гаруй тонны нөөцтэй, дэлхийд 10-т эрэмбэлэгдэх Зөөвч-Овоо ураны ордыг нээж илрүүлсэн.
Энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Францын “Орано Майнинг” компани, манай улсын “Эрдэнэс Монгол” нэгдлийн хороонд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг оролцогч талуудад харилцан ашигтайгаар байгуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж, дотооддоо нэгдсэн ойлголттой болж чадлаа, энэ бол дэвшил. Ураны салбар бусад ашигт малтмалаас хэд хэдэн зүйлээрээ онцлог. Тухайлбал энэ салбарт тухайн улсын төрийн өмчит компани хамтарч ажилладаг учир буух эзэн буцах хаяг нь тодорхой, тухайн улс хариуцлага хүлээнэ гэсэн үг. Бусад уул уурхайн төслүүдээс ялгаатай бас давуу тал нь энэ.
Уран цөөхөн улсын бизнес бөгөөд технологи нь нууц, олон улсын хараа хяналтад байдаг онцлогтой. Тодруулбал, цөмийн зэвсэгтэй таван гүрэн буюу P5 гэж нэрлэгддэг БНХАУ, БНФУ, ОХУ, Их Британи, АНУ дээрээс нь нэмэгдээд Канад, Австрали гэсэн 6-7 улсын бизнес. Ураныг баяжуулаад атомын цахилгаан станцад түлш болгон ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэдэг. Нөгөө нэг зорилго нь цөмийн зэвсэгт ашиглаж байна.
Дээр дурдсан Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар манай улсад эдийн засгийн хувьд томоохон хөрөнгө оруулалт орохоос гадна нийт 1600 орчим ажиллах хүчний 96 хувь нь Монгол Улсын иргэд байна, үүний 30 орчим хувь нь тухайн орон нутгийн иргэд ажиллах боломж үүснэ.
Үзүүлэлт |
Жилд сая.ам.доллар |
Нийт сая.ам.доллар |
Нийт борлуулалтын орлого | 335 | 9’333 |
Цэвэр ашиг | 117 | 2’936 |
АМНАТ | 63 | 2’071 |
Ажиллах хүчин | 1600 |
Иргэдийн дунд хортой хэмээн ташаа мэдээлэлтэй байдаг шар нунтгийг дээр дурдсан таван улс баяжуулаад, өндөр технологиор дамжин атомын цахилгаан станцын түлш болох үед л цацрагийн аюул яригдана. Манайд бол энэ бүхэн хол, хуулийн хүрээнд зөвхөн шар нунтгаа л гаргаж авах юм. Түүнчлэн манай улсын хувьд Франц Улстай энэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр дэлхийн дулаарлын эсрэг, хүн төрөлхтний сайн сайхны төлөө байгалийн баялгаараа маш том хөрөнгө оруулалт хийж байгаа юм.