Өмнөх УИХ-ын эмэгтэй гишүүд “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орохыг хориглосон хууль санаачилжээ” гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгасан уг заалтын талаар олон нийт өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлээд буй.
Иргэн Б.Лхагвадорж: Өчигдөр фэйсбүүк дээрээс харсан. Үнэхээр ийм хууль баталсан бол утгагүй санагдаж байна. Алкохоль хэрэглэсэн үедээ гэртээ харихгүй байна гэхээр яана гэсэн үг юм. Ямар нэг байдлаар лоунж, бар гэх мэт газар суугаад согтууруулах ундаа хэрэглэлээ гэж бодоход зөөгч нь заа та унтаад яваарай гэх юм уу? Хүн бүр зөрчиж торгуулахаар хууль гэж харж байна.
Иргэн Д.Мишээл: Хуулийг санаачилсан гишүүн болох Х.Булгантуяа гишүүн өөрөө ярихдаа: гэр бүлийн хүчирхийллийн 70 гаруй хувь нь эцэг эхийн аль нэг нь согтуу байгаа үед үйлдэгдэж байна. Тийм учраас бид энэ заалтыг оруулж ирсэн гэсэн. Үүнийг би хувь хүнийхээ бнцгөөс харахдаа зөв гэж бодож байгаа.
Иргэн Б.Отгонтуяа: Нэг талаасаа зөв ч нөгөө талаасаа хэтэрхий өрөөсгөл ойлголт гэж бодож байна. Согтууруулах ундаа хэрэглэчхээд гэртээ очихгүй байна гэхээр гэр бүлийн асуудал үүсэх байлгүй дээ. Архи уучхаад хаагуур хоноод яваад байгаа юм гээд л. Хэтрүүлж хэрэглсэн үедээ гэх мэтээр нарийн тусгаж өгөх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэрнээс жаахан дарс, шар айраг амсчихаад гэр лүүгээ орж болохгүй гэсэн зүйл байж болохгүй байлгүй дээ. Гэртээ харихгүй хаагуур яваад байхав.
Иргэн С.Магсар: Хувьдаа бол дэмжиж байна. Болно гэж л бодож байгаа.
Иргэд энэ мэтээр өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна.Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг харвал, 22.8 дахь хэсэгт “Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно” гэж заасан байна.
2021 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Б.Баярсайхан,Ч.Ундрам, Б.Жаргалмаа зэрэг эмэгтэй гишүүд санаачлан батлуулсан байдаг.
Тус хуулийн заалт шүүмжлэл дагуулж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Булгантуяа өөрийн цахим хуудастаа: Энэ хуулийг худлаа гуйвуулахын оронд хүүхэдтэй айлд архи ууж, эсвэл уусан үедээ орж хүүхдийг эрсдэлтэй байдалд оруулж болохгүй юм байна, өөрийнхөө ч бусдын ч хүүхдийг хүчирхийлвэл хуулийн хариуцлага хүлээх юм байна гэж хүүхдийн эрхийг хангах нүдээр хараасай гэсэн агуулга бүхий бичвэр нийтэлжээ.
Уг хууль энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд дээрх заалтын дагуу нийт 10 гаруй зөрчлийн дуудлага ирсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллэсэн юм. Энэ төрлийн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдвол 300 мянган төгрөгөөр торгох заалттай ажээ.