Бүгд найрамдах Франц улсын төрийн өмчит “Орано” групп болон Монголын төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн хамтарсан “Бадрах Энержи” компани 25 жил хайгуул судалгаа хийсний үр дүнд 100 гаруй тонны нөөцтэй, дэлхийд 10-т эрэмбэлэгдэх Зөөвч-Овоо ураны ордыг нээж илрүүлсэн билээ.
Уг орд нөөцийнхөө хувьд Монгол улсад байгаа ураны 13 ордын 192,2 мянган тонн геологийн нөөц бүртгэгдсэний хамгийн их буюу 93,290 мянган тонн нөөцтэй нь юм.
Энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Францын Засгийн газрын харьяа “Орано” групп, манай улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс Монгол” нэгдлийн хороонд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй байгуулах шаардлагатай.
Монгол Улсын хувьд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараа эрэмбэлэгдэх гуравдагч хөршийн анхны томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд бид өмнөх алдаагаа давталгүй, оролцогч талуудад харилцан ашигтайгаар байгуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн 10 дугаар сарын 25-нд УИХ-д өргөн барьсан.
Цацраг идэвхт стратегийн ашигт малтмал ашиглахад төрийн хувь эзэмшил тогтоох, улмаар байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг Цөмийн энергийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж буй юм. Мөн Цөмийн энергийн тухай хуулиар цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбоотой зарим харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар заасан боловч цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт нь тодорхойгүй, орхигдсон байдаг. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий цацраг идэвхт ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн Монгол Улсын Засгийн газрын эзэмших хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулан тооцох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тогтоох, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд зэрэг асуудлыг Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулахаар тусгаад байгаа юм. Энэ нь 34%-ийг давуу эрхийн 10%-ийн хувьцаа болгож, суурь болон тусгай, өсөн нэмэгдэх гэсэн 3 төрлийн АМНАТ-ийг тооцож баялгийн өгөөжөө хүртэх өөрчлөлтүүдийг оруулна.
Монголын тал 10%-ийн давуу эрхийн хувьцаатай болсноор төслийн хөрөнгө оруулалтад ямар нэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Суурь АМНАТ-ийг 5%, тусгай АМНАТ 5%, дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ-ийг үнийн түвшнээс хамааруулан 19 хүртэлх хувиар тооцно. Жилд 153 сая, нийтдээ 5 тэрбум ам.долларын урсгал Монгол Улсад орохоор урьдчилан тооцоолсон байна.
ЗӨӨВЧ-ОВОО УРАНЫ ОРДЫН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД
2013 он
- Зөөвч-Овоо ураны ордын нөөцийг бүртгүүлэв
2013 он
- АРЕВА Майнс ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулав
2015 он
- Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-г батлуулав
2016 он
- Ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгов
2017 он
- Төрийн өмчит Мон-Атом ХХК хувьцаа эзэмшигч болов (34%)
2018 он
- АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи ХХК болгож өөрчлөв
2018 он
- Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэв
2020 он
- Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц 93,291 тн болж өсөв
2021 он
- Зөөвч-Овоо ГДУО үйлдвэрлэлийн туршилт эхний торлолоор эхлэв
2023 оны нэгдүгээр сар
- Зөөвч-Овоо ураны ордын үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийж гүйцэтгэв.
2021 оны долдугаар сараас эхлэн 18 сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү туршилт 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусаж, үр дүн маш сайн гарсан тухайгаа талууд мэдээлсэн. Газар дор уусган олборлох технологийн тусламжтай байгаль орчинд ээлтэйгээр ураныг олборлох боломжтой нь нотлогдлоо. Ийнхүү урьдчилсан ТЭЗҮ-д тодотгол хийж, үр ашгийг шинээр тооцоолсноор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах урьдач нөхцөл бүрдэв.
2023 оны хоёрдугаар сар
- “Орано” групп, “Мон-Атом” компанитай хамтран боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө Монгол Улсын Цөмийн энергийн комиссын дарга, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд өргөн барив. Үүгээр “Орано” групп Зөөвч-Овоо ураны ордыг тогтвортой ашиглах хүсэл эрмэлзлээ баталгаажуулж, Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийх төлөвлөгөөгөө илэрхийллээ.
2023 оны хоёрдугаар сар
- Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв.
2023 оны гуравдугаар сар
- Дорноговь, Дундговь аймагт цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-үүдэд шалгалт хийсэн талаараа БОАЖЯ мэдээлэв. Уг шалгалтаар цацраг идэвхт бодис байгаль орчин болон хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарчээ.
2023 оны тавдугаар сар
- БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хөл тавив. Франц улсын төрийн тэргүүний хувиар анх удаа болсон уг айлчлалын хэлэлцэх гол асуудал нь ногоон эрчим хүч буюу Зөөвч-Овоо ураны төсөл байв.
2023 оны зургаадугаар сар
- Ерөнхий сайдын захирамжаар Францын “Орано” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулав.
2023 оны наймдугаар сар
- Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд (тухайн үеийн) Х.Нямбаатар Францын “Орано” групп, Казахстаны “КазАтомПром” компанийн хамтарсан “Катко” компанийн үйл ажиллагаа, тэр дундаа газар дор уусган олборлох технологийг хэрхэн байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд нөлөөгүй ашиглаж байгаатай биечлэн танилцав.
2023 оны аравдугаар сар
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн У.Хүрэлсүх, Э.Макрон нарын дэргэд “Эрдэнэс Монгол” нэгдэл болон “Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурав.
2023 оны арваннэгдүгээр сар
- ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар, “Орано Майнинг” компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулна. Франц улсын төрийн өмчит “Орано” компаниас 70 орчим хуудастай, хөрөнгө оруулалтын гэрээний санал ирсэн. Нэр бүхий сайд нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгааг мэдээллэв.
2023 оны арванхоёрдугаар сар
- “Орано Майнинг” компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хэвийн үргэлжилж байгаа талаар “Эрдэнэс Монгол” компани мэдээлэв. Ингэхдээ “Нийт 100 хуудас, хавсралт 3 хуудастай, 26 зүйл, 543 заалттай гэрээний заалт тус бүрийг нухацтай хэлэлцэж байгаа учир тодорхой хугацаа шаардагдаж байгаа юм.
2024 оны аравдугаар сар
- БНФУ-ын “Орано майнинг” компанитай хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
2024 оны арваннэгдүгээр сар
- Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийн, батална.