Монголын парламент хууль батлахдаа ч хурдан, өөрчилж, нэмэлт оруулахдаа ч хурдан. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байхдаа байнгын хороод нь давхар хуралдаад дараагийн хэлэлцүүлэгт нь төслийг бэлдээд гишүүдэд тараангуут уншиж ч амжаагүй төслийнхөө талаар байр сууриа илэрхийлээд, асуулт асуугаад явдаг супер гишүүдтэй. Энэ өнөөгийн 126 гишүүн ч гэлтгүй өмнөх үе үеийн парламентад байсан. Харин ч одоо байгаа хэд нь өөрчлөлт хийх гээд цор цор гэхээр УИХ-ын дарга нь дэгээ яриад, олонхийн саналаар хүч түрэн асуудлыг намжаах жишээтэй.
Энэ хандлагын нэг урхагтай тал нь гуя дагаж хүзүү өгдөгийн адил Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэг хуулийн төслийг дагаад гурван том хуульдаа өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлчихсэн байх жишээтэй.
БНФУ-ын “Орано майнинг” компанитай уран олборлох чиглэлээр Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордод хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг хоёр улсын Ерөнхийлөгчдийн харилцан айлчлалын үеэр тохироонд хүрч, Засгийн газраас гэрээ байгуулах Ажлын хэсэг гараад явж буй.
Энэ гэрээг Монгол Улсад ашигтай байдлаар хийх, өмнө байгуулаад өнөө ч маргаан нь тасрахгүй, Олон улсын Арбитрын шүүх дээр байгаа Оюу толгойн гэрээнээс сайн хийхийн тулд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар УИХ-ын даргад өргөн мэдүүлэхдээ ЯАРАЛТАЙ ГОРИМ-оор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Ингэхдээ Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Компанийн тухай гэсэн 3 том хуульд өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн нь УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулаад байгаа билээ.
ЯАРЧ БАЙЖ БОЛНО. ГЭСЭН Ч ХАР СҮҮДЭРТ ДАЙРУУЛЖ БОЛОХГҮЙ
Цөмийн энергийн тухай хуулийн төслийн “…төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоохдоо саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”, АМНАТ-ийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” хэмээн өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.
Харин АМНАТ-ыг “төрийн дансанд” гэснийг “Монголбанкан дахь Ирээдүй өв сангийн валютын тусгай дансанд” гэж өөрчлөх саналыг хэд хэдэн гишүүн гаргасан бөгөөд гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Мөн “төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.” гэж өөрчлөх саналыг гишүүд дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Тэмүүжин нар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулж “энгийн” хувьцааг өөрчлөх тухай заалт оруулж ирснээр компанийн суурь зарчим алдагдаж, компаниудыг дээрмийн газар болгох ноцтой асуудал оруулж ирж байна хэмээн шүүмжилсэн юм.
СУГАН ДООГУУР ХУУЛЬ ГАРААД ЯВЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Хуулийн этгээд тэр дундаа Компанийн тухай хуультай холбоотой асуудал Хууль зүйн байнгын хорооны үндсэн асуудал. Гэтэл Хууль зүйн байнгын хоро огт хуралдаагүй, энэ тухай огт мэдээгүй. Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор орж ирээд анх удаа компанийн хуулийн суурь зарчим энгийн хувьцааг өөрчлөх тухай, тэр хуулиар энэ чинь хориотой. Яагаад хорьж өгч байгаа вэ гэвэл хэрвээ энгийн хувьцааны ард байгаа санхүүгийн хариуцлага гэх мэтчлэн олон ойлголтыг хувьцааны төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани чинь залилангийн гэмт хэрэг болно. Компани байгуулж бизнес эрхлэх хэн нэгэнд сайн дураараа дээрэмдүүлэх тонуулах үйл ажиллагаа болж хувирна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Засгийн газраас оруулж ирсэн төсөл өөрөө асуудалтай шүү. Компанийн хуулийн суурь харилцааг яагаад Цөмийн энергийн тухай хуульд агуулж өөрчилж байгаа юм. Бүх компанид хамаатай, бүх энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаа болгох боломжийг зүгээр нэг хуулийн ард ямар ч тооцоо судалгаагүй, ямар ч үндэслэлгүй оруулж ирсэн. Энэ Оюутолгойн гэрээнд ч хамааралтай. Тийм учраас энэ Оюутолгойд хамаарахгүй, бусад 15 стратегийн ордод хамаарахгүй гэдгийг хашиж, Цөмийн энергийн хуульд л үйлчилнэ шүү гэдгийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хашиж өгсөн. Д.Энхүвшин гишүүний гаргасан санал зөв. Хэрэв буруутгах гэж байгаа бол энэ төслийг бүр буцаах ёстой. Тийм учраас Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжиж өгөөч ээ гэж гишүүдээсээ хүсч байна.
Эцэстээ гишүүдийн гаргасан саналаар санал хураалт явуулж Цөмийн энергийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.