АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр эхэлсэн билээ. Санал хураалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 12.00 цагт хаагдлаа.
Уг сонгуультай холбогдуулан АНУ-ын Элчин сайдын яамнаас “U.S. presidential election-2024” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанган болон төр, хувийн хэвшил, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, гадаад харилцаа, улс төр судлаачид болон хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр нийт оролцогчид Жишил санал хураалтанд саналаа өгсөн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үйл явцыг өөрийн биеэр мэдрэх боломж олгон, санал хураалтын дүнг танилцуулсан юм.
Арга хэмжээний турш сонгуулийн санал хураалтын үр дүн, нэр дэвшигчдийн авсан санал зэргийг шууд харуулж, сонгуулийн үйл явц, нэр дэвшигчид болон санал хураалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
2024 оны нэгдүгээр сараас эхэлсэн энэхүү үйл явдлыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж байна. Энэ өдөр бас Америкчуудын өдөр тутмын амьдралд хамаатай хуулиудыг баталдаг Конгрессын гишүүдийг сонгох юм. Сонгогдсон нэр дэвшигч 2025 оны нэгдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаанд Цагаан ордонд сууж, АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших болно.
Ерөнхийлөгч нь хууль санаачилж, батлах эрхтэй ч ингэхдээ ихэнх тохиолдолд Конгрессын дэмжлэгийг авах ёстой болдог. Дэлхий дахинд тэр АНУ-ыг бүрэн төлөөлж, гадаад бодлогыг бие даан хэрэгжүүлэх эрх үүрэгтэй. Хоёр гол нам өөр өөрийн нэр дэвшигчийг шат шатны дотоод сонгуулиар өрсөлдүүлэн гаргаж ирдэг.
Тухайлбал Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгч асан Дональд Трамп бараг өрсөлдөгчгүйгээр шалгаран нэр дэвшсэн. Трамп өөрийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Охайо мужийн сенатор Жэй Ди Вэнсийн нэрийг дэвшүүлсэн. Хэрвээ санал хураалтын үр дүнд Дональд Трамп ялалт байгуулбал Жэй Ди Вэнс АНУ-ын дэд ерөнхийлөгч болох юм.
Харин Ардчилсан Намын хувьд эхлээд ерөнхийлөгч Жо Байден хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөх зорилготой нэр дэвшсэн ч явцдаа нэрээ татаж, оронд нь дэд ерөнхийлөгч Камала Харрис өрсөлдөхөөр болсон. Харрис өөрийн дэд ерөнхийлөгчид Миннесота мужийн захирагч Тим Уолцын нэрийг дэвшүүлсэн. Тэрээр ялалт байгуулбал Тим Уолц дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм. Хэрвээ Камала Харрис уг сонгуульд ялалт байгуулбал АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагч нь орон даяар хамгийн олон сонгогчийн саналыг авсан хүн байдаггүй. Харин АНУ-ын 50 муж тус бүрд өрсөлдөж, хамгийн олон сонгуулийн төлөөлөгчийн санал цуглуулсан нь ялдаг. Муж бүр хүн амынхаа тооноос хамаарсан тооны сонгуулийн төлөөлөгчтэй (electoral college) байдаг. Бүх мужийн төлөөлөгчийн нийт тоо 538 болдог бөгөөд хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал цуглуулсан нэр дэвшигч АНУ-ын ерөнхийлөгч болно.
2025 оны нэгдүгээр сарын 6-д сонгуулийн үр дүнг Конгресст танилцуулагдаж, 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн нэр тодорхой болж, тангараг өргөх юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Вашингтон хотод Капитолын ордны шатан дээр зохион байгуулдаг уламжлалтай юм.