Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг орон даяар тэмдэглэх хүрээнд “Эмэгтэй парламентчдын чуулган-2024”-ыг өнөөдөр (2024.11.04) зохион байгуулж байна. Манай улс 1925 оны Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй ялгалгүй сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, сонгох, сонгогдох эрх чөлөөг баталгаажуулсан нь Азийн бүс нутагт анхдагч үйл явдал болсон. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад ихээхэн идэвх зүтгэл гаргаж буйгаа илтгэж, Шинэ Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, намууд нэр дэвшүүлэхдээ нийт мандатын 30 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ хэмээн хуульчилснаар Зүүн Азийн бүсэд анхдагч болон тэмдэглэгдсэн.
“Чингис хаан” үндэсний музейд болж буй тус чуулганы үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал”, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцууллаа.
Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт гурав дахь удаагийн чуулганаараа 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, шинэчлэлийн талаар хэлэлцэж байна.
Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Улсын Их Хуралд сонгогдсон үе үеийн эмэгтэй гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцлоо.
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд анх удаа хамгийн олон буюу 519 эмэгтэй нэр дэвшсэнээс 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж, 25 хувьд хүргэлээ. УИХ-ын есөн удаагийн сонгуульд нийт 734 гишүүн сонгогдон ажилласнаас 96 нь эмэгтэй юм. Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр Монгол Улс эмэгтэй гишүүний тоогоор 190 улсаас 96-99-рт бичигдэж байна.