Сонирхолтой нэртэй энэ синдром сүүлийн үед ихээхэн ажиглагдах болсон талаар сэтгэл судлаачид дурджээ. Энгийн хардалтаас ялгаатай нь энэ нь хайртай хүнийхээ хуучин хамтрагчийн талаар сонсоход тэсэхийн аргагүй хэцүү мэдрэмж авч, ургуулан бодож ойрхон давтамжтай шаналах сэтгэл зүйн асуудал аж.
Энэ нь Дафны дю Морье гэх зохиолчийн 1938 онд хэвлүүлсэн Ребекка гэх романаас гаралтай нэршил юм. Уг романд чинээлэг эртэй гэрлэсэн залуу эмэгтэйн тухай өгүүлдэг. Залуу эмэгтэй хамтын амьдралаа эхэлснээс хойш нөхрийнхөө талийгаач эхнэртэй үргэлж өөрийгөө харьцуулах болдог. Энэ бодол нь даамжран нөхөр болон тэдний гэр бүл, ойр дотнынхон нь түүнийг талийгаач эхнэртэй нь үргэлж харьцуулж буй мэт санагдан амьдрах хүсэлгүй болж байгаа талаар хүүрнэдэг. Энэхүү зохиолоос сэдэвлэсэн Ребекка гэх кино 2020 онд Netflix-ээр цацагдаж олны хүртээл болсон билээ.
Дээрх зохиолоос санаа аван энэхүү сэтгэл зүйн хямралыг Ребекка хам шинж гэж нэрлэжээ.2017 онд хийсэн судалгаагаар харилцаанд оролцогчдын 66.7 хувь нь хайртай хүнийхээ хуучин хамтрагч буюу салсан хүнийг интернэтээр хайж мөшгөдгөө хүлээн зөвшөөрсөн байна. Ийм үйлдэл хийж буй хүн бүр Ребекка хам шинжтэй гэсэн үг биш юм. Хайртай хүнийхээ өмнөх хамтрагчид хаа нэг атаархаж болох ч хэн нэгэн дурсах тоолонд эсвэл бодох төдийд атаархал төрж бухимдаж, шаналж байвал та сэтгэл зүйчид хандахад гэмгүй. Харин сэтгэл зүйчид хандахаасаа урьтан өөрийгөө энэ төрлийн синдромтой хэмээн дүгнэх нь эртэднэ.
Мөн 2018 онд хийсэн судалгаагаар хайртай хүнийхээ өмнөх харилцааны талаарх нарийн ширийн зүйлийг хялбархан шалгах боломжтой сошиал медиа хөгжиж байгаа нь энэ төрлийн хардалтыг өдөөж байна гэсэн хариу гарчээ.
Хэрвээ та өөрийгөө болон хамтрагчаа Ребекка синдромтой гэж үзэж байвал сэтгэл засалч Тоби Ингхам-ын доорх зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээгээрэй
- Хайртай хүнийхээ өмнөх хамтрагчаас өөрийгөө дутуу гэж мэдрэх нь одоогийн харилцаанаас илүүтэй өнгөрсөнд өөрт чинь тохиолдсон зүйлтэй холбоотой байх нь элбэг.
- Хамтрагчийнхаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ухаж өнгөрсөн зүйлстэй нь зууралдах хэрэггүй.
- Хайртай хүнийхээ өмнөх харилцааны түүхийг ялангуяа бэлгийн харилцааны түүхийг аль болох асуухгүй байхыг хичээ.
- Шинэ харилцааны эхэн үед өмнөх харилцааныхаа талаар хэт их ярилцах нь нэгнээ хэцүү нөхцөлд оруулах болно.
- Бага насандаа илүү ганцаарддаг анхаарал халамж багатай орчинд өссөн өөртөө итгэлгүй хүмүүст Ребекка синдром илүү илэрч байна. Тиймээс өөртөө итгэлтэй, хайртай болохын тулд өнгөрсөнд тохиолдсон бусдад дэлгэдэггүй зүйлээ дотроосоо чөлөөлөх ёстой.
Эх сурвалж: dailymail.co.uk