Та Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд Номгон сумаас нэр дэвшиж байгаа юм байна. Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
Намайг Батаахүүгийн Даваа гэдэг. Ургийн овог маань Зурхайч. Өмнөговь аймгийн уугуул. 2008 онд аймгийн төвийн 1-р сургуулийг төгсөөд 2012 онд Улаанбаатар хотод ШУТИС-ийн Уул Уурхайн Их Сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологич инженерээр бакалавр, 2018 онд тус сургуульдаа магистрын зэрэг тус тус хамгаалсан. Одоо өөрийн байгуулсан Буман трейд ХХК-ийн захирлаар ажиллаж байна. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Та аав ээжийнхээ төрсөн нутаг Номгон суманд нэр дэвшин байгаа гэсэн. Өөрийн удам судар, гарал үүсэл, аав ээжийнхээ тухай танилцуулаач?
Аав ээж 2 маань хоёулаа номгон сумын уугуул хүмүүс. Аавыг маань Нямаагийн Батаахүү гэдэг. Эх орныхоо дархан хилийг хамгаалсан хилчин явлаа. Аав минь цэл залуухан 38-хан насандаа тэтгэвэрт гарч, хилийн албаа орхисон тэр жил нь би 1-р ангид элсэн орж таараад аавыг дагасан бяцхан хилчин аймгийн төвд суурьшсан даа. Олон мянган аавын хөвгүүдийг командалсан, хороо дагуулсан офицер байсан гэж аавын минь талаар аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир гуайг ярихыг сонсоод ааваараа маш их бахархаж байж билээ.
Харин ээжийг минь Адъяагийн Насанбум гэдэг. Нутаг усныхан маань Эм зүйч, Лаборант, бага эмч мэргэжилтэй, дайчин шаргуу тусч гэдгээр нь андахгүй. Цагаан хаданд олон мянган жолоочийн эрүүл энхийн манаанд чин сэтгэлээр зүтгэж оёхыг нь оёж, боохыг нь боож, эмчилж олон ч жолоочийн амь насыг аварсан даа. Төр засгаас ээжийн минь хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасан. Ижий аавтайгаа элэг бүтэн амьдрах үнэхээр том тансаглал гэж уншиж байсан. Ийм л сайхан аав ээжтэй тансаг хүн дээ би.
Танаас нэг ийм асуулт асуумаар байна. Адгийн тэнэг авгайгаа магтдаг гэдэг үгтэй та санал нийлдэг үү?
Огтхон ч санал нийлдэггүй. Хүн сайн хань, сайхан хайраас яагаад сайхан үгийг харамлах ёстой гэж… Би таны энэ асуултыг гэр бүлээ танилцуулаач гэж байна гэж ойлголоо. Зөв үү?/инээв/ Гэргийг маань Самбуугийн Гантунгалаг гэдэг. 3-р курсийн оюутан байхдаа алаг нүдтэй, гэнэн цагаахан инээдтэй, хөөрхөн охинтой танилцсан чинь манай аймгийн охин байдаг байгаа. Нэг үеийн хоёр нутагтаа төөрөөд хотод таардаг сонин учрал байгаа биз дээ. Ингээд л нутаг нэг залуус сэтгэл нэг болоод гэр бүл болсон түүхтэй. Сайн ханьтай болохоор хамтын амьдрал минь өдий зэрэгтэй явдаг гэж боддог. Одоо эхнэр бид 2 бусдын л адил хоёр хүүхдийнхээ цүнх баригчийг хийгээд сургууль цэцэрлэгт нь зөөж, ажил амьдралаа зохицуулаад энгийн сайхан амьдарч байна.
Таны бодлоор чөлөөт цаг гэж юу вэ? Чөлөөт цагаараа хийх дуртай болон дургүй зүйлсийнхээ талаар хуваалцаач?
Ажил хэрэг талаасаа өөрийгөө хөгжүүлэх, ахуй талаасаа тааваараа байх ч гэдэг юм уу хэд хэдэн өнцгөөс хариулж болох байх. Би чөлөөт цагаараа ер нь аялах дуртай. Тэр тусмаа Монгол хүн эх орныхоо байгалийн сайхнаар бахархаж, үүх түүхээрээ аялж бүр 21 аймаг 335 сум гээд бүгдээр нь явж үзвэл сайхан гэж боддог. Түрүүний яриад байсан танин мэдэх талаасаа өөрийгөө ч хөгжүүлээд гэр бүлээрээ түгжрэлд баригдахгүй тааваараа сайхан байгаа биз дээ. Би одоогоор 19 аймгийн 100 гаруй сумаар аялсан байгаа. Цаашид үргэлжлүүлэн аялна.
Дургүй зүйлийн тухайд гэвэл товчхондоо монгол хүний сайхан чанар жилээс жилд муудаж, амиа бодсон, бусдыг дорд үзсэн хандлага их болж байгаад сэтгэл дундуур байдаг. Ер нь хүн бүр болохгүй бүтэхгүй байгаа асуудалд дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй гэж боддог.
Таны хариултаас хувийн хэвшилд ажиллах тэр тундаа ажил олгогч, татвар төлөгчийн хувьд ажлаа явуулахад хүнд суртал, саад бэрхшээл нэлээд тулгарч байж гэж ойлголоо?
Тэгж хэлж болно. Би 20 настай 2-р курсийн оюутан байхдаа “Буман трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Оролцмоор бол нас хэд байх нь хамаагүй, чадна гэж бодвол хийх л хэрэгтэй. Сурахын хажуугаар 8 нэрийн дэлгүүр, эмийн сан, тээврийн ажил гүйцэтгэдэг компанийн ажлыг амжуулна гэдэг бас л шаггүй хөдөлмөр шүү дээ. Энэ үеэс л аливаад хойрго, амин хувиа хичээсэн хүмүүстэй ч таарч, жаргал зовлонг амсаж явна. 2013 он гэхэд дараа дараагийн компаниудаа байгуулж, 5, 6 компанитай болсон байлаа. Жижиг сажиг барилгын ажил, хэд хэдэн Вьетнам засварын газар гээд чадахаасаа чадахгүйг хүртлээ хийсэн, чадсан. Ер нь бизнес эрхэлж байгаа бидэнд төрийн хүнд суртал, буруу тогтолцоо гээд яривал асуудал их байна. Энэ болохгүй бүтэхгүй бүх асуудлууд дээр өнөө л хувиа хичээсэн хандлага харагддаг. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдэг шиг хөрсөн дээрээ байдаг бид улс эх орноо, иргэнээ боддоггүй зөвхөн өөрийн эрх ашиг, амин хувиа хичээсэн төр засагт шигдсэн хүмүүст хэлэх ярих зүйл чамгүй их байна шүү.
Мэдлэг боловсролтой залуу хүмүүс улс төрд орж байгаа нь сайн хэрэг гэж хардаг. Улс төрд орно гэдэг маш том хариуцлага. Энэ шийдвэрийг хэрхэн гаргав?
Улс орныхоо ирээдүйн хөгжилд өөрийнхөө эрхэлж байгаа ажлаас гадна дуу хоолойгоороо, үзэл бодлоороо оролцох ёстой юм байна гэж бодсон. Яагаад залуучууд бид өөрсдийнхөө амьдралыг бусдад даатгаад хүлээж суух ёстой гэж… Ийм байх нь утгагүй. Өөрөөрөө үлгэрлэн, манлайлж оролцмоор санагдсан. Болж бүтэхгүйгээ тоочоод суух биш бүтээн байгуулалт хөгжилд, төрийн бодлого шийдвэрт бодитоор нөлөөлж, оролцох хэрэгтэй. Асуудлууд шийдэгдэхгүй байна гэж харж суух биш бидний итгэж сонгосон хүмүүс биднийг төлөөлж чадахгүй байвал сэтгэл дутаад байна уу, чадвар дутаад байна уу гэдгийг бодох цаг нь болсон. Итгэл хүлээж сонгогдчихоод ажлаа өдөр хоног өнгөрөөж хийх биш сэтгэл гаргаж, сэдэж хийх хэрэгтэй юм байна. Тиймээс залуучууд бид бусдад найдах биш өөрсдөө оролцох бүр манлайлах хэрэгтэй.
Даланзадгад гэдэг ч юм уу өөр газраас нэр дэвших боломж байсан юм биш үү? Яагаад Номгон сумыг сонгож нэр дэвших болов?
Миний өвөөг Депутат Нямаа гээд Номгон сумынхан, нутаг усныхан маань андахгүй мэднэ. Учир нь Ардын Их Хурлын ууган депутат болж төрөлх Номгон нутгаа төлөөлөн төрийн түшээ болж, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явсан нэгэн. Энэ нутаг ус миний мэдэхийн өвөөгөөс минь улбаалан аав ээжийн ахан дүүсийн минь үе удмаараа нутаглаж, ажил амьдралаа зориулж ирсэн өлгий нутаг аа. Тиймээс би үргэлжлүүлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож, ийм шийдвэр гаргасан.
Таны нэр дэвшиж буй тойрог буюу Номгон сумыг ямар байгаасай гэж хүсэж байна?
Зам дагаж хөгжил гэдэг дээ. Нэн тэргүүнд дэд бүтцээ дагаад зам харгуй нь ч тэр, холбоо харилцаа интернэт гээд бүхий л сүлжээ нь орсон, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал хөгжсөн жишиг болохуйц сум байгаасай гэж хүсдэг. Өнөөдөр Номгон сумыг аймагтай засмал замаар холбогдоод дуртай газраасаа утасгүй үүрэн телефоноор холбогдох боломж байгаа гэж хардаг. Одоо хэддүгээр зуун билээ дээ холбоо барих гээд сүлжээ хайгаад явж баймааргүй л байна. Товчхондоо нүүж явдаг биш зорьж ирдэг сум болгох юм сан гэж бодож байна даа.
Таны пэйж хуудсыг харахад “Нүүж биш зорьж ирдэг” гэсэн агуулга илэрхийлсэн байна. Энэ талаар дэлгэрүүлж өгөөч.
Номгон суманд Монгол ардын нам засаглаж байх үед 12 жилийн сургалттай бүрэн тоноглогдсон орчин үеийн сургуулийг барьж байгуулсан байна энэ сургууль өнөөдөр есөн жилийн боловсролтой учраас эцэг эхчүүд үр хүүхдүүддээ 12 жилийн боловсрол эзэмшүүлэхийн тулд аймгийн зорьж байна. Үүнээс үүдэн энэ суманд ажиллаж амьдарч байсан залуу өрх гэр бүлүүд нүүж байна. Шинэ сургууль баригдаад дөрвөн жил өнгөрч байхад 12 жилийн боловсролтой болгож чадаагүй байгаад харамсалтай байна. Энэ хугацаанд маш олон гэр бүлүүд үр хүүхдээ дагаж энэ сумаас аймгийн төв рүү нүүсэн байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж Номгон сумыг 12 жилийн боловсролтой болох хэрэгтэй. Мөн мундаг болсон хүчин, багш нарыг ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр татаж ажиллуулах хэрэгтэй.
Ярилцлагаа ингээд өндөрлүүлье. Номгон нутгаа нүүж биш зорьж очдог сум болгон хөгжүүлээрэй. Амжилт хүсье.