Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нэг орой хаачихлаа. Өглөө сэрээд хартал цоо шинэ болгоод хуччихсан байв. Талхан дээр цөцгийн түрхэх мэт ийм түргэн гэж үү?
Эрт цагаас “хурд” гэдэг ойлголт Монголчуудын амьдралд тийм ч ач холбогдолтой байсангүй. Яарч сандарсан ард түмэн байгаагүй гэсэн үг. Түргэн хэмнэлтэй амьдрал бол суурин соёлын онцлог болохоос талын Монголчуудын нүүдэлчин ахуйд “хурдлаад” байх шаардлага өдөр тутамд бага байлаа. Харин, агт морьд нь хурдан, дайчин эрс нь гавшгай байх хэрэгтэй байсан нь мэдээж.
Харин орчин цагийн шинэ нийгэмд бидэнд хурд дутагдаж байна. Аргагүй дээ, цаг минутыг тэнгэрийн нараар баримжаалдаг уужуу тайван язгуураасаа бид салаад тун удаагүй байгаа. Гэтэл хурд гэдэг бол мөнгө санхүү, эд баялаг, эрх мэдэл, эрүүл мэнд, боломж, амжилт гээд бүх зүйлийн түлхүүр нь болчхоод байна.
Хотын доторх авто замын засварын ажил хурдтай яваад байгааг нийслэлчүүд энэ жил анзаарч байгаа. Хаалаа, заслаа, нээлээ. Болдог л юм байна.
“Хурд” гэдгийн цаана зөв төлөвлөлт, нарийн зохион байгуулалт, чанартай гүйцэтгэл байдаг. Орой нь хаасан замыг өглөө нээсний учир ерөөсөө л энэ. Үүнд гүн ухаан, мэргэн санаа хэрэггүй. Харин сайн менежмент хэрэгтэй. Х. Нямбаатар үүний учрыг олчихсон болохоос биш түүнд шидэт дохиур байхгүй.
Улаанбаатар хотод жилд дунджаар 16 километр замыг засаж шинэчилдэг байсан бол энэ жил 162 километр замыг нэг дор шинэчлэхээр болсон. Нэгэнт бүх оршин суугчдыг хотоос гаргаж байгаад замаа засаж чадахгүйгээс хойш амьдрал буцалсан бужигнаан дунд амжуулахаас өөр сонголтгүй. Угаасаа түгжрэлтэй хотод зам хааж засна гэдэг өвдөлт дээр өвдөлт нэмнэ гэсэн үг. Энэ бол нийслэлчүүдийн хувьд тэвчих ёстой өвдөлт. Хатгийг нь шахаж байгаа эмч рүү орилоод яах вэ дээ.
“Зуны саруудад замаа засахгүй яасан юм?” гэдэг бол харин зүй ёсны асуулт. Зам засвар оройтож байгаагийн шалтгаан нь өнгөрсөн зургаан сард бонд гаргаж энэ хэмжээний их зам засах санхүүгийн эх үүсвэрээ босгосонд байгаа юм. Үүнтэй зэрэгцэн зураг төслөө боловсруулах, батлуулах, тендер зарлах, шалгаруулах гээд хурд гэхээс илүү хуулийн хугацаа шаардсан үйл явцууд өрнөсөөр өдийг хүрсэн гэдгийг нийслэлийн удирдлагууд учирласан.
Түгжрэл дээр түгжрэл нэмэн заавал одоо бүх замаа засах гээд зүтгээд байдаг нь ч бас юу билээ? Ирэх хаврын бүтээн байгуулалтын улирал эхлэхэд замын нөхөөстэй зууралдаж доороо эргэхгүйгээр бусад том төслүүд рүүгээ ханцуй шамлан орно гэж Х. Нямбаатар шийдэмгий хариулсан.
Зам засвар дээр “илэрсэн” нийслэлийн энэ хурдыг цааш нь үргэлжлүүлж өшөө олон зүйл дээр хармаар байгаа юм. Түгжрэлийн гол шийдлүүдийн нэг гэгдэж буй “тойрог зам”-аа энэ хурдаар хийж чадах уу? Орон сууцжуулалт эрчимтэй явах уу? Метрог үнэхээр барьж чадах уу? Улаанбаатарын төвлөрлийг задалж дийлэх үү? Дагуул хотоо барих уу?
Нийслэл хотод асуудал шийдэж ирсэн өмнөх хурдаар явна гэвэл энэ том төслүүд гацна. Хурд багатай компьютер ачааллаа дийлэхгүй орилоод гацчихдаг даа. Өмнө нь нэг замын нөхөөсийг бараг бүтэн сар хийдэг байсан яст мэлхийн хурдаар бол энэ төслүүд гараанаасаа ч гарч амжихгүй нурж унана. Хоосон хэдэн ТЭЗҮ, ширээ дүүрэн цаастай үлдэх нь тодорхой.
Тиймээс Улаанбаатарт зоримог хурд хэрэгтэй байна. Болдог юм байна гэдгийг нийслэлчүүд дахиад харахыг хүсэж байна. Гэхдээ том төсөл дээр. Бидэнд гутрал, цөхрөл, бухимдал хангалттай. Одоо итгэл найдварын хэлтэрхий хэрэгтэй байна.