Бид энэ удаагийн дугаартаа Дэвжих голден Билигт ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттүвшинг онцолж ярилцлаа. Нэгэн үед авто шоу зохион байгуулж, дрифт эргэж явсан залуу хэрхэн технологи угсралтын компанийг үүсгэн байгуулж амжилттай удирдаж байгаа талаар сонирхолтой яриаг танд хүргэж байна.
-Сайн байна уу? Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Та өөрийгөө үзэгч, уншигчдад маань танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Д.Баттүвшин гэдэг. Улаанбаатар хотод 1984 онд төрсөн. Хотын унаган иргэн. ХУИС-д аялал жуулчлалын мэргэжлээр сурч, 2007 онд БНСУ-ын Сөүл хотын их сургуулийн хэлний курст сураад, тэндээ гурван жил ажиллаж амьдраад 2010 онд эх орондоо ирсэн. Түүнээс хойш олон зүйлийг хийж алдаж онож үзсэн. Харин 2018 оноос хойш зургаан жил бизнесийн салбарт тогтвортой ажиллаж байна. Одоогоор технологи угсралтын компанитай. Камержуулалт, ухаалаг дугаарын систем, дугаар таних систем гэдэг ч юм уу, дандаа технологи угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна даа.
-14 жилийн өмнө эх орондоо ирсэн. Тэр цагаас хойш олон зүйлийг хийж алдаж онож үзлээ гээд ярьж байна. Бизнесийн салбарт орж ирэхээсээ өмнө ямар ажил хийж байв?
Арван жилд байхдаа автомашинд их сонирхолтой хүүхэд байсан. 2010 оноос “UB auto tune” шоугаа хийж энэ хүрээллийнхэнтэйгээ танилцсан. Өөрөө 2011 онд Silva S15 буюу дэлхий даяар дрифтийн Мона Лиза гэдэг машинаа аваад дрифтэд шууд орсон. Өөрийн мэдэлгүй тоноглож, хурдан амжилт үзүүлээд, 4-5 жил тамирчин байж байгаад, шүүгч болсон. Хөдөө, орон нутагтай нийлээд 60 орчим тэмцээн шүүсэн байх. Солонгосоос ирээд хожим нь PC тоглоомын төв нээж байлаа. Дарга нарын болчимгүй шийдвэрээс болж тоглоомын газрууд маш их хавчилтад орж байсан юм. Тухайн үед би ээж, аавынхаа хоёр өрөө байрыг банканд тавиад л яг эхэлж байсан. Ингээд бизнес маань дөрвөн жил болоод дампуурлаа. Нэг хэсэг яалт ч үгүй хэцүү байсан. Хэцүү байх үед түрүүн ярьсан авто спортоороо тавьсан өр ширээ дарж байсан. Ингээд ээж, аавынхаа байрыг чөлөөлж байлаа.
-Авто шоу зохион байгуулаад л дрифт эргэж байсан залуу өнөөдөр костюм пиджак өмсөөд, зангиа зүүчихсэн сууж байна. Таныг юу ингэж өөрчлөв?
-Энэ бол яалт ч үгүй ажил амьдрал, гэр бүлтэй л холбоотой. Манай дрифтийн залуучууд, авто машины салбарынхны хэлдэг үг байдаг юм. Хошин маягийн. “Эхнэр хүүхэдтэй болохоор ид шидийн юм шиг машин алга болдог” гэж. Яг л үүн шиг зүйл болж бизнесийн салбарт тууштай ажиллаж байна даа. Энэ салбарт өдий зэрэгтэй ажиллахад амьдралын маань зарчим хамгийн их нөлөөлсөн болов уу. Амьдралдаа баримталдаг зарчмаа би аав ээжээсээ өвөлж авсан. Манай аав ээж хоёр хоёулаа их дээд сургуулийн багш хүмүүс. Багш хүмүүс ямар билээ маш зарчимч шүү дээ. Ялангуяа аав маань цэргийн хүн.Бидэнд өөртөө хэрэгтэй зүйлээ өөрөө олж ав. Хэнээс ч битгий гуй. Зөвхөн өөрөө хөдөлмөрлө, тэмц гэж сургасан. Чамд мөнгө төгрөг, мэдлэг боловсрол, гадагшаа дотогшоо явах хэрэг гарвал хэнээс ч битгий гуй. Өөрөө бүтээ гэдгийг үгээрээ биш ч үйлдэл өөрийн амьдралаараа ойлгуулж өвлүүлсэн.
-Үнэхээр зөв зарчим, чиг шугам байна.Үеийн маань зарим залуус өндөр боловсролтой, энд тэнд нэр хүндтэй сургуульд сурсан гэж ярьдаг ч яг амьдрал дээр бүтээх, тэмцэх чадвар дутмаг санагддаг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Нэг их айхтар боловсрол гэхээс илүү хүн нэг юм хийж чаддаг, япон школа гэдэг шиг аяга тавгаа угааж цэмцгэр байхаас эхлээд, ажилсаг байгаа хүн надад гоё харагддаг. Амьдралдаа хайртай гэсэн үг. Өөрийгөө хайрлаж байгаа хүн бусдыг ч хайрлана гэж ярьдаг шүү дээ. Ажилсаг хүн харвал би хүний хүн байсан ч хайрлана. Жаахан залхуу унхиагүй бол ах дүүсийн хүүхэд байсан ч загнана. Ажилсаг гэхээр айхтар хөдөлмөрлөөд, тачигнаад бизнес хийх биш. Хувьдаа ядаж арчаатай байгаасай л гэж хүсдэг.
– Танай компани камержуулалт, ухаалаг дугаарын систем, дугаар таних систем зэрэг Монголд дутмаг байдаг ч маш хэрэгтэй технологиудыг угсарч байна. Танд үүнийхээ дагуу нийгэмдээ хийж бүтээх юмсан гэж санаж зорьж явдаг зүйл байдаг л биз дээ?
-Би сүүлийн үед Сонгинохайрхан дүүрэгтэй ажил амьдрал холбоотой болоод ирж байна. Хамгийн их хүн амтай, хамгийн их хүнд гэмт хэрэг гардаг хэр нь илрүүлэлт нь маш бага байдаг. Хяналтын камерын систем маш хангалтгүй. Машины дугаарыг хянаж чадахгүй байгаа камер яаж гэмт хэрэгтнийг олох вэ? Энэ системийг нэгдсэн маягаар, бүсчлээд ухаалаг системийг яаралтай хийх ёстой гэж боддог. Аль аль нь тийм хэцүү ажил биш. Манай төр засаг ард иргэдэд үнэнийг хэлэх ёстой. Бүгдийг төр хийж чадахгүй. Дөрвөн жилд ганц олдож байгаа улс төрийн эрхээ монголчууд зардаг. Нэг хүнд хамгийн ихдээ 500 мянган төгрөг өгч чадна гэж бодоход, дөрвөн жилийн хоногуудад хуваагаад, нэг хоногийг хэдэн төгрөгөөр зарж байгаагаа бодох хэрэгтэй. Энэ нэг өдөрт би ийм үнэтэй юм байна гэдгээ л бодох хэрэгтэй. Энэ бол хамгийн бүдүүлэг систем. Би бол өөрийнхөө үзэл бодлыг зарж байгаа хүнийг үнэлдэггүй.
– Хоёулаа нэгэнт нийгмийн асуудал яриад эхэлсэн болохоор асууя гэж бодлоо. Та хувьдаа бидний нийгэмд даа ялангуяа залууст тулгамдаж байгаа хамгийн том асуудлыг юу гэж хардаг вэ?
Хичээгээд хичээгээд мань мэт нь 40 насандаа иймэрхүү хэмжээнд болж байна даа гээд л баримжаалаад, өөрийнхөө хэмжээнд босгосон амьдралдаа тайвшраад байж байтал хажууд юу ч хийж байгаагүй хүн, намд ороод л биднээс 10, 20, 100 дахин баяжаад, “чи нөгөө жижигхэн юм аа хийгээд л байна уу” гэх энэ доромж монгол залуусын гадагшаа явах хамгийн том шалтгаан гэж би хардаг. Мөнгө чухал нь чухал. Гэхдээ мөнгийг хөдөлмөрлөж олох нь чухал. Шударга хөдөлмөрөөр олоогүй мөнгө бол хэзээ нэг цагт маш хурдан гардаг. Ингэхдээ маш их зүйл дагуулаад гарчихдаг.
Бичлэгийг ЭНДдарж үзнэ үү.
Ёстой зөв ярьж байна.НИТХ сонгогдвол нийслэлд их юм хийх хүн байна даа.