Улс орны нэр хүндийг өндөрт өргөж явдаг салбарынхан бол спорт, урлагийнхан юм. Тэд зөвхөн өөрийнхөө төлөө бус улс эх орныхоо нэрийг тив дэлхий, олимпын талбарт дуурсгаж, амжилт ялалтын бахархал омогшлыг авчирдаг.
Тэр дундаа олимпын наадамд эрхээ авч оролцохын сацуу амжилт үзүүлэн медаль зүүнэ гэдэг нь тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл, гол зорилго байдаг билээ.
Монголчууд хоёр дахь олимпын наадмаас дөрвөн мөнгөн медаль хүртсэн түүхтэй
Монголчууд 1964 оны Токиогийн зуны олимпын наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш дөрвөн жилийн дараа “Мехико-1968” зуны олимпын XIX дүгээр наадамд долоон тамирчин оролцож нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг эх орондоо авчирч байлаа.
Чөлөөт бөхийн төрөлд Монголчуудын олимпын наадмын медалийг салхийг Ч.Дамдиншарав анхлан хагалж 52 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Ингээд бид “Парис-2024” зуны олимпын ХХХIII наадам Франц улсад эхлээд буй энэхэн мөчид “Хөрөг” нэвтрүүлгийнхээ хойморт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, зуны олимпын наадмын анхны медальт Чимидбазарын Дамдиншаравыг хүндэтгэн урилаа. Түүнийг спортын хүрээнийхэн “Дамийл” багш хэмээн хүндэтгэн дууддаг. Ингээд “Дамийл” багшийн олимпын наадмын түүх бичсэн амжилт, ялалтын ертөнцөөр хамтдаа аялцгаая.
-Сайн байна уу? Танд олимпын наадамтай өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд талархлаа.
-Сайн сайн байна уу? Нийт Монголын баг тамирчид, дасгалжуулагч болон спортын хөгжөөн дэмжигч нартаа олимптой өдрийн мэндийг хүргэе.
-Монголчууд олимпын наадамд оролцож эхэлсний 60 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Монгол улсаас долоон тамирчин 1968 оны Мехикогийн зуны олимпын наадмыг зориод медаль хүртсэн түүхэн дурсамжаасаа та хуваалцана уу?
-Олимпын наадамд бид очихдоо ямар ч байсан нэг медаль авах юмсан гэсэн мөрөөдөлтэй очиж байлаа. Гэтэл бид санаанд оромгүйгээр барахгүй, олимпоос анх удаа дөрвийн дөрвөн медаль авч Монгол улсынхаа алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан ийм түүхэн үйл явдал болсон. Тухайн үед шинжлэх ухаан өнөөгийн түвшинтэй харьцуулахад нэг их хөгжил дэвшил гэх томоохон зүйлгүй, бага байсан хэдий ч манай багийнхан Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, одоо авшигтай Монголыг дааж явдаг тийм том хайрханыхаа хажууд бэлтгэл хийж хүч энергиэ авсан. Энэ бол их сайн болсон гэж үздэг.
Биднийг очиход цастай байсан. Долоон сарын хорин долоон, найманд очиход Завханд цас ороод, их цастай өвөл юм шиг, бид чинь дан бэлтгэлийн хувцастай очоод одоо буцдаг ч юму билүү гэж бодож байсан. Тэгсэн сүүлдээ тэндээ сайхан дасаад ирсэн. Тэнд бэлтгэлийн заал гэж байхгүй. Гадаа талбай дээр дэвжээгээ дэвсээд бид бэлтгэлээ хийнэ. Халуун ус гэж байхгүй, одоогийнхоор бол бас л хүнд нөхцөлд байсан. Гэвч тэнд цаг агаар, уул ус, ургамал, хоол унд бол гайхамшигтай сайхан байсан. Монгол хүн гэдэг бол ерөөсөө байгалийнхаа тэр сайхан өгөгдөлдөө хүч чадал, энергиэ аваад том дэвжээнд амжилт үзүүлэх боломж дүүрэн гэж харж байлаа. Нөгөө талаараа Отгонтэнгэр хайрханд манай багш хэлдэг байсан “Та нар энэ хайрханд өглөө болгон залбирч сүсэглэж бай, энэ чинь л та нөхдөд бас медаль авах тийм сайхан боломж олгоно шүү” гэдэг байв. Бид ч гэсэн үүнд их итгэж олимпын наадамд зорьж очоод Мехикогийн дэвжээнээс зорилгоо биелүүлэн медаль хүртсэн юм.
Монголчууд олимпын наадмаас медаль зүүсэн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна
-Эрс тэс уур амьсгалтай Завхан нутаг бэлтгэлд тань үр өгөөжөө өгч, тэр хүндхэн нөхцөлд илүү эрч хүч, тэсвэр тэвчээрийг олгожээ?
-Мэдээж олимпод очихдоо л бидэнд бэрхшээлтэй зүйлүүд их байсан. Жин хасахаас эхлээд л ман хүнд өдрүүд байлаа. Ер нь тэгээд сайхан монгол аргаараа л нэг улсын наадамд бэлдэж байгаа маягтай бэлтгэлээ хийнээ, тэгэхдээ дасгалжуулагч бол маш ухаалаг улсууд байсан нь үр нөлөөгөө өгсөн. Биднийг бол үнэхээр олон талаас нь бэлтгэлийг нь хангаж өгсөн. Заа тэгээд витамин тэжээл гэж бараг юм байгаагүй. Бид бол сайхан тарган хонь, үхрийнхээ махаа идээд л хүч чадлаа авч байсан. Цагаан идээ нь янзын гоё, Завхан нутаг бол тийм бас мундаг байгалийн сайхантай хүнд бол их л өгөөжөө өгсөн гэж одоо ч бид их шүтэж бэлгэшээж явдаг юм шүү дээ.
-Та нийт хэдэн тойрог барилдав? Тэр үеийн дүрмийг хамгийн хэцүү, тамирчинд чанга байсан хэмээн Мөөеө аварга ч нэгэнтээ дурсан ярьсан байдаг?
-Би нийт долоон тойрог барилдаж медаль авсан юм. Тэгээд хоёрын даваанд Европын хошой аварга, Дэлхийн аваргын медальтай, Туркийн бөхийг ялсан. Тэр бөх яг олимпод медаль авах хамгийн гол найдвар болсон тамирчин байсан юм билээ. Энэ тамирчныг ялсан явдал бол надад маш их урам зориг өгсөн. Ингээд түүнийг ялсны дараа гадны бүх бөхчүүдийн хараа над дээр тусч, би ч гэсэн “Заа би бол одоо медаль авч болох юм байна” гээд цаашаа барилдаад, дараа нь Италитай барилдаж гурван оноо илүү явж байтал гэв гэнэтхэн шүүгч намайг буруу барьц барьсан гээд шууд зогсоогоод, надад цэвэр ялагдал өгөөд нөгөө бөхийг ялалт өгчихсөн.
Тэр үеийн дүрмэнд бол ерөөсөө шагналын 5 оноо юу 6 оноотой байдаг. Би ингээд 5 оноо дууссан ганцхан оноотой үлдсэн. Нэг л удаа оноогоор ялах юм бол би ялсан ч гэсэн хасагддаг тийм дүрэм байсан. Тэгээд л манай багийн нөхөд, багш дасгалжуулагчид маань “За чи одоо цаашаа гурван удаа цэвэр ялах юм бол медаль авна. Ялахгүй чи оноогоор ялвал хасагдана шүү” гэж хэлсэн. Энэ үг надад маш их сэтгэлийн дэм өгсөн. Хүн яг аминд тулаад ирсэн үедээ өрсөлдөгч бөхөө үнэхээр яаж цэвэр ялах вэ гэж бүхий л оюун ухаанаа, сэтгэл зоригоо төвлөрүүлж ажилладаг юм билээ. Үүний дараа Унгар, Германы ер нь Европын медальтай бөхчүүдийг бүгдийг нь цэвэр ялаад дараа нь хийлээд тэгээд гурвуулаа үлдэж олимпын медалийн болзол хангасан юм.
-Та хамгийн хөнгөн жинд зодоглож, баг хамт олныхоо медалийн анхны салхийг хагалсан нь бусдадаа хамгийн том урам зоригийг өгсөн явдал болсон байх?
-Би хамгийн хөнгөн жингийн бөх байсан учраас нөхдийнхөө салхийг хагалж олимпын хамгийн анхны медаль авсан явдал нь манай бусад нөхдийгөө медаль авч болох юм байна гэсэн урам зоригийг нь хөдөлгөж өгсөн. Манай Мөнхбат аварга маань мөнгөн медаль авч, Сэрээтэр, Артаг бид гурав хүрэл медаль авч байлаа. Тэр үед биднийг олимпын медаль авсны маргааш нь олон улсын сэтгүүлчид бидэнтэй уулзаад та нар Чингисийн Монгол уу? Хятадын Монгол уу? Оросын Монгол уу? гэж асуугаад Монгол улсыг мэдэхгүй байсан. Хэдийгээр бид НҮБ-д 1961 онд элссэн ч гэсэн Монголын тухай ойлголт гадны улсуудад байхгүй, хаа байсан Америк тивд монгол хүн медаль авсан гэдэг нь онцлууштай үйл явдал болсон. Манай Мөнхбат аварга хэлж байсан юм. Бид Хятадын Монгол биш ээ. Чингисийн Монгол хэмээн бахархалтайгаар хэлсэн.
Жин хасна гэдэг нь тамирчин хүнээс маш их хатуужил тэвчээр шаарддаг
-Жингийн спортууд их хүнд л дээ. Ялангуяа хөнгөн жингийн бөх юмуу, тулааны төрлүүд жингээ маш их хасна. Ёстой л тамирчин хүнээс нөгөө тэсвэр тэвчээрийн туйлыг нь шаарддаг?
-Тэгэлгүй яахав. Мексик манай улсаас долоон цагийн зөрүүтэй тийм газар шүү дээ. Тэгээд л бид бэлтгэлээ хийгээд л, тамирчин хүний хатуужил тэвчээрт жин хасах нь онцгой нөлөө үзүүлдэг. Бид бол сүүлийн 14 хоног хоол идээгүй түүхий өндөг, нэг жижиг дөрвөлжин шоколад иднэ. Шингэн юм уух боломж байхгүй. Өглөө болгон жингээ үзүүлнэ. Тэнд чинь нөхцөл боломж сайн учраас 80, 90 градусын халуун ууранд сууж жингээ хасна. Ихэвчлэн идэх хоол ундаа хасаж байж л жингээ хассан даа. Жин хасна гэдэг нь зөвхөн бөхчүүд биш боксчид бусад спортынхонд бүгдэд нь хамаатай. Жин хасна гэдэг бол тамирчин хүнээс маш их хатуужил тэвчээр шаарддаг даа. Манай Ойдов, Хойлог зэрэг тамирчид маш их жин хаслаг байлаа. Дасгалжуулагч хийж байхдаа жин хасахын зовлонг мэддэг байсан учраас тамирчиндаа тухайн үед нь маш их үг хэлэхэд хэцүү аргадаж, өөрсдөө массаж хийж өгнө. Тэр Мексикийн олимпод манайхаас хэд хэдэн тамирчин бэлтгэл хангагчаар очсон. Надад хамгийн их тусалсан хүн бол манай Адьяатөмөр гэж хүнд жингийн бөх байсан. Адьяатөмөр өдөр бүр орой болгон надад массаж хийж унтуулна, унтана ч гэж шөнөдөө бол 3-4 цаг л унтана. Өлсөөд унтаж болохгүй, ам их цангана. Хүн бол 7, 8 хоноод л зовлонгоо даагаад өлсөж цангах нь багасаад тэгээд л зовлондоо дасдаг тийм л амьтан юм байна лээ. Ингээд л зовсны эцэст жаргана гэж олимпоос медаль авсан даа.
-Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Тэгэхээр сэтгэл зүйгээ зөв удирдах, залж жолоодох нь тамирчин хүний ухаан байх?
-Сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол аль ч тамирчин хүнд их чухал. Тухайн үед жингээ хассаны дараа яг жиндээ ороод, яаж барилдах тухайгаа тактик боловсруулж эхэлсэн дээ. Ингээд л тэмцээндээ оролцсон. Тэр үед манай багш нар тухайн үед Зөвлөлт, Беларусын мундаг дасгалжуулагчид биднийг хэвтээ барилдаанд их сайн сургасан даа. Энэ сургалт бол намайг дэлхийн дэвжээнд олон бөхийг цэвэр ялахад гол нөлөө үзүүлсэн гэж боддог. Зөвхөн надад ч биш манай бусад бүх бөхчүүдэд тийм сайнаар нөлөөлсөн түүхтэй дээ.
Хамт олон, багш дасгалжуулагч нарын маань хэлсэн үг намайг зоригжуулан,
хүн аминд тулаад ирэхээр бүх өрсөлдөгчөө хэрхэн цэвэр ялах ухаан сийлдэг юм билээ
-Баг хамт олон гэдэг маш чухал. Тэр дундаа спортын тэмцээн уралдаанд оролцож буй баг “Нэг баг” болж чадна гэдэг нь амжилтын төлөө зорилгоо биелүүлнэ гэсэн үг болов уу?
-Манай хамт олон их эвтэй. Хамт олон гэдэг бол аливаад том үйлсийг бүтээдэг. Ялалт амжилт болгон хамтын бүтээл байдаг. Манай багийнхан бие биенийгээ их зоригжуулдаг, мөн бие биедээ санамж өгдөг байсан. Хамт олныхоо багш дасгалжуулагч нарынхаа хэлж зөвлөсний дагуу л би сэтгэлийн их хүч чадлаараа л медаль авсан гэж боддог. Тэгээд манай нөхдийн гаргасан яг тэр амжилтыг буюу эрэгтэй бөхчүүд нэг олимпоос дөрвөн медаль авсан түүх одоогоор байхгүй байна. Биднээс хойш 1980 оны Москвагийн олимпоос миний шавь Даваажав, Оюунболд хоёр медаль аваад түүнээс хойш 44 жил болж байна. Тухайн үед би шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Харин эмэгтэй багаас Лондонгийн олимпод С.Батцэцэг, Токиогийн олимпод Б.Болортуяа энэ хоёр медаль авсан байдаг. Тэгээд манай мөрөөдөл бол эрэгтэй баг олимпын медалийг авах гол зорилготой ийм мөрөөдөл байгаа. Үүнд манай холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар бол бүх талын хангамж, боломжийг л дээд түвшинд бэлтгэж өгсөн. Үүнийг бүр зориуд хэлье гэж бодож байна. Ийм ерөнхийлөгч Монголын чөлөөт бөхийн түүхэнд байгаагүй. Ийм үед медаль авахгүй бол болохгүй ийм цаг үе.
-Таны хувьд нийт зургаан олимпод оролцохдоо гуравт нь тамирчин, гуравт нь дасгалжуулагчаар оролцсон байдаг. Таны төрсөн дүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох. Ах дүү хоёр энэ улсынхаа бөхийн нүүр царай болсон төрлүүдэд олон шилдэг шавь бэлтгэн төрүүлж, том ачааг үүрэлцэж яваа?
-Гурван олимпод тамирчнаар, гуравт нь дасгалжуулагчаар оролцсон. Тэр үед зах зээлийн хамгийн хүнд үед 2000, 2004 онд манай тамирчид идэх хоол, бараг өмсөх хувцасгүй шахуу л хүнд хэцүү байлаа. Тэмцээнд явах зардал олдохгүй, эм витамин тэжээл бараг үгүй ийм үед үнэнийг хэлэхэд их л зовсон доо. Би дасгалжуулагчаа хийх он цагуудад өнөөдрийнхтэй харьцуулах юм бол өдөр шөнө шиг эрс тэс ялгаатай байсан. Өнөөдөр бүх л боломж нь нээгдсэн байна. Гадаадаас бэлтгэл хангагч гэж Япон, Энэтхэг, ОХУ-аас олон хүн, дасгалжуулагч манай улсын баг тамирчидад тусалж байна. Маш олон дасгалжуулагч ажиллаж байна. Тэгээд энэ нь амжилт гаргахын хамгийн гол боломж бас түлхүүр нь болж байна аа гэж үздэг.
Манай спортын салбар ах дүү, аав хүү гээд л олон гэр бүлийн хүмүүс маань олимп дэлхийн дэвжээнд Монгол улсынхаа нэрийг гаргасан түүхэн уламжлал байдаг. Миний төрсөн дүү Ч.Насантогтох нь Монголын жүдо, самбо бөхөд бол олон жил ахлах дасгалжуулагчийн ажил гүйцэтгэсэн. Монгол улсдаа анхны олимпын аваргыг төрүүлэн шавь нь алтан медаль авч байлаа. Мөн жүдогийн анхны дэлхийн аваргыг төрүүлж байв. Ингээд түүх ярих юм бол зөндөө л зүйл байна. Нэг айлын хоёр хүүхэд хоёулаа энэ монголын бөхийн нэр болсон чөлөөт, жүдогийн спортод олон жил дасгалжуулж, хамт олныхоо итгэл найдварыг хүлээн олимп дэлхийн олон медаль авсандаа бид баяртай явдаг. Мөн өөрийнхөө өвөг дээдэстээ, аав ээждээ өөрийнхөө салбарын буюу Биеийн тамирын бүх л байгууллага Олимпын хороо, Бөхийн холбоондоо их талархаж явдаг юм даа бид. Энэ жил манай салбарын хувьд маш онцлогтой түүхэн он жилүүд болж байна. Манай биеийн тамирын салбарын 100 жилийн ой, Монгол хүн олимпын наадамд оролцсоны 60 жилийн түүхт ойнууд саяхан болж өндөрлөлөө. Өнөөдөр Парист манай монголчуудын тэсэн ядан хүлээж байсан олимпын наадам маань эхэллээ. Таван тивийн спортын тамирчдын хамгийн шилдгийн шилдгүүд нь энэ олимпын наадамд шалгаран оролцдог доо.
Ингээд Парисын олимпын наадамд оролцож өрсөлдөж буй Монголын бүх тамирчин, дасгалжуулагч, спортынхондоо өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ярилцсанд баярлалаа.
“Хөрөг” нэвтрүүлгийн энэ дугаарыг Олимпын шууд дамжуулалтын ивээн тэтгэгч Юнител групптэй хамтран бүтээв. Юнителийн бүх хэрэглэгчид өөрт хэрэгтэй үйлчилгээг Unitel апп-аас аваад Монголын тамирчид Олимпын медаль авах бүрд 2024МВ датаг үржүүлэн аваарай.
Дэлгэрэнгүй: https://www.unitel.mn/olympics/ Олимпын тамирчдаа дэмжиж ололт амжилтаа хамтдаа тэмдэглэе. Бүх үйлчилгээг Unitel апп-аас.
www.unitel.mn