“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны сонсголын хоёр дахь өдөр. Сонсгол 10.00 цагт төрийн ордонд эхэлсэн бөгөөд “Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарал”-ын талаар хянан шалгагч мэдээлэл танилцуулсан юм.
Түүний мэдээллээс харахад ЭМЯ, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг баталдаг “Хүний эмийн зөвлөл”, Аймгийн эрүүл мэндийн төв”-үүдээс эхлээд цөм эм, эмнэлгийн бизнестэй хамаарал бүхий байна. “Аалзны тор шиг энэ сүлжээс дотор ашиг сонирхол байхгүй байна гэж байхгүй. Эмийн үнэ өсөөд байгаа шалтгаан нь энэ юм байна” хэмээн Хянан шалгах түр хорооны гишүүд дүгнэн ярьж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан 137.7 тэрбум төгрөгийн худалдан авалтад энэ бүх хүн оролцож байгаа. Ковидын үед маш их эмийг хугацаа нь дууссан гээд устгалд оруулж байгаа. Устгагдсан гэхэд хэн итгэх юм. Аймаг орон нутгийн дарга нар чинь бүгдээрээ энэ эмийн компаниудтай хамааралтай юм чинь. Эмийн устгалыг тухайн орон нутгийн дэргэдэх холбогдох зөвлөл хийдэг. Эмийн устгалд хяналт тавьдаг уу гээд хардлага төрөөд асуусан. Итгэх боломжгүй болчихсон байна. Ард түмэн чинь ууж эмэндээ итгэх боложмгүй болчихож. АТГ энэ танай ажил биш юм уу. Хамааралтай хүмүүсийг энэ салбарт байлгахгүй байх ёстой юм биш үү. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх мэдүүлгээ АТГ-д тэд өгдөггүй юм уу?
АТГ-ын Авилгатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга Ц.Шинэбаяр:
-Ашиг сонирхлоос урдчилан сэргийлэгдэх хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтнууд дор хаяж гурван тохиолдолд ашиг сонирхын мэдүүлэг өгдөг. Тодруулан хэлбэл,
- Албан тушаалд шинээр томилогдох болон шилжин томилогдох үед урдчилсан мэдүүлэг
- Жил бүрийн хоёрдугаар сарын 5-наас өмнө хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг
- Их хэмжээний өөрчлөлт гарсан үед тус, тус мэдүүлэг гаргадаг.
Эм, эмнэлгийн бизнестэй компаниудтай хамаарал бүхий хэмээн нэр нь дурдагдсан хүмүүс дээрх мэдүүлгүүдийг өгсөн байх учиртай. Цөөн тохиолдолд томилох албан тушаалтан нь манайд урдчилсан мэдүүлэг өгөлгүйгээр томилчихдог. Ийм тохиолдлыг манайх илрүүлээд зохих шаардлагаа тавьдаг. Манайхаас өнгөрсөн онд болон түүнээс өмнө нь ЭМЯ болон эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт шалгалт хийх үед ийм өндөр хэмжээгээр хамаарал гарч байгаагүй.
Ер нь бол эрүүл мэндийн салбар, эм зүйн салбарын хувьд нэлээн ашиг сонирхлын зөрчилтэй “Цус ойртсон” салбар гэдгийг нь удаа дараагийн шалгалтаар гаргаж ирж байсан. Манайхаас арга хэмжээ аваад, хэрэгт татсан ч дахин дахин гарч ирээд байдаг яг л “Хортой ургамал шиг”. Авилгын эрсдлийн үнэлгээ болон бусад судалгаагаар хамгийн өндөр эрсдэлтэй салбаруудын нэг бол эрүүл мэндийн салбар.