Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Сонсголд гэрчээр 150 гаруй хүнийг дуудсан гэх бөгөөд Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, С.Энхболд,Т.Мөнхсайхан, Л.Бямбасүрэн тэргүүтэй мөн одоогийн сайд С.Чинзориг нар дуудагдсан юм. Тэднээс Д.Сарангэрэл, С.Энхболд, Т.Мөнхсайхан нар өнөөдрийн сонсголд оролцож, түр хорооныхны асуултад хариулах учиртай.
Үдээс хойших хуралдаан эхэллээ. “Зайлшгүй шаардлагатай эмийн зохицуулалт” сэдвээр хянан шалгагчийн тайлан дүгнэлтийг сонсож, ажлын хэсгийн гишүүд асуулт асууж байна.
Мэдээлэл болгож хэлэхэд, Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эм Хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу ордог журамтай. Тэгэхээр энэ маш анхааралтай сонсож, ажиглах ёстой сэдэв юм.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
- ДЭМБ хоёр жил тутамд шинэчил гэсэн үүрэг даалгавар өгсөн байхад Монгол Улс яагаад 3-5 жил тутамд шинэчилдэг юм бол?
- Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт боловсруулах ажлын хэсгийнхэн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдүүлдэг үү?
- Яагаад зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг оруулахдаа сайн дураараа өдөрт 22-100 гаруй эмийг хэлэлцэлгүй, шууд жагсаалтаар нь баталчихдаг юм бэ?
- Х.Даариймаа гэдэг хүнээс асууя. Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус зөвлөлийнхөө архивыг ЭМ-ндаа яагаад хүлээлгэж өгөөгүй юм бэ? Архив байхгүй гэдэг нь сэжиг төрүүлж байна.
2017 оны Хүний эмийн зөвлөлийн дарга Д.Очирбат:
-ДЭМБ 1977 оноос хойш зайлшгүй шаардлагатай эмийн багцыг гаргаж эмчилгээнийх нь удирдамжтай холбогдуулан баталсан байдаг. Манай улс1991 онд анх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гаргасан. Түүнээс хойш 1993, 1996, 2001, 2005, 2009, 2014, 2017, 2020, 2023 онд шинэчлэн баталсан. 2023 онд зайлшгүй шаардлагатай эмийн арав болон гуравдугаар жагсаалтыг боловсруулсан байдаг. Миний хувьд 2017 онд Эрүүл мэндийн яамны ТНБД-аар ажиллаж байх хугацаандаа наймдугаар жагсаалтыг Хүний эмийн зөвлөлийн хурлаар оруулж баталсан. Процессын тухайд Эрүүл мэндийн яамны эм зүйн салбар зөвлөлөөс тэрхүү жагсаалтыг оруулж, Үндэсний эмийн зөвлөлөөр хэлэлцэж баталдаг. Наймдугаар жагсаалтад 853 зайлшгүй шаардлагатай эм багтсан байдаг.
2023 оны Хүний эмийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг:
-Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай 2014.10.09-ний өдрийн 57-р тогтоолын 7.1-д Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ь эрүүл мэндийн бүх шатлалын тусламж үзүүлэх, оношилгоо эмчилгээнд нэн тэргүүнд шаардагдах эмийг ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн талаар үзэл баримтлалд тулгуурлан өөр орны хүн амын өвчлөлтийн байдал, хүн амын хэрэгцээнд тулгуурлан гурван жил тутамд шинэчилнэ гэж заасан байдаг. 2020 онд есдүгээр жагсаалт, 2023 онд аравдугаар жагсаалт батлагдсан. Хүний эмийн зөвлөлийн гишүүд болон ажлын албаныхан ашиг сонирхлоос ангид байх чиглэлээр мэдүүлэг өгч оролцдог. Хэрэв ашиг сонирхолтой бол өөрсдөө урьдчилж мэдүүлээд, хэлэлцэж байгаа асуудалд оролцохгүй байх зохицуулга хийгддэг.
Архивын материалын тухайд 2021, 2022 онд Хүний эмийн зөвлөл ковидтой холбогдуулан цахимаар хуралддаг байсан. Цахимын видео бичлэг бүрэн эхээрээ байгаа. 2021 онд 22 удаа, 2022 онд 17 удаа хуралдсан. Бүх хурлын тэмдэглэл цаасаар ч байгаа.
Зайлшгүй шаардлагатай эмийн аравдугаар жагсаалтын тухайд, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад, ажлын хэсэг нь 2022 онд таван удаа хуралдаж, жагсаалтыг боловсруулсан. Жагсаалтаа Хүний эмийн зөвлөлд 2022.12.15-нд хэлэлцүүлж, 520 эмийг батлуулсан.
2017 оны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Даариймаа:
-Жил болгон ЭМЯ биднээс товч тайлан нэхэж авдаг байсан. Тухай бүрд нь тайлангаа өгдөг байсан. Архивын материалын хувьд 2012 оноос хойших бүх материал хадгалагдаад байж байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг боловсруулахдаа бид ажлын хэсэг болж ажилласан.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Бүртгэлгүй эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулчихаар хэн, хаанаас, яаж авах юм. Яагаад ийм юмыг зохицуулахгүй жагсаалтад оруулаад байдаг юм бэ?
ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа:
-Уналт, таталтын эм цөөн тоогоор хэрэглэгддэг учир компаниуд оруулж ирдэггүй. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан уналт таталтын эмүүдийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцээд нэг удаагийн импортын лицензээр оруулж ирж, шаардлагатай иргэдэд нь хүргэсэн.
Эмийн сонсгол үргэлжилж байна. Бид та бүхэнд мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.