Цаг агаарын өөрчлөлтөөс болоод хүний бие, физиологи өөрчлөгдөж байдаг. Үүнээс үүдэн эрхтэн тогтолцоо шүүрлийн зохицуулалт алдагдах байдал бий болдог. Бид үүнтэй холбогдуулан эмч М.Чинзоригоос хэрхэн эрүүл орших талаар зөвлөгөөг авлаа.
Тэрбээр, "Хавар болж, өдөр урт болоод ирэхээр хүний хийж байгаа үйлдэл болон хөдөлгөөн, идэвхтэй зүйл маань тодорхой хэмжээнд өөрчлөгдөөд ирдэг. Хоол ундаа сайн ид, сайн унтаж амар, дор хаяж найман цаг унтаж амрах хэрэгтэй. Хэтэрхий энгийн зүйл мэт боловч хүмүүс үүнийг үл ойшоосон болоод өнгөрөөдөг. Ингээд лөөр дээрээ өвчлөл үүсгэдэг гэсэн үг.
Дээр нь өдөрт ядаж 15 минут дасгал хөдөлгөөн хийж хэвшвэл маш сайн. Хаврын улиралд хүмүүс их ядарна. Дасгал хийхгүй бол бүр л их ядарна гэж ойлгох хэрэгтэй.
Хүний цөсний хүүдий гэж байдаг. Хүн амраад өглөө сэрэхэд цөсний хүүдийн дэх шүүрэл ялгарахад бэлэн болдог юм. Энэ үед хоол хүнсээ идэхээр хүүдий дэх шүүрэл маань ялгарна. Тэгээд шүүрлийн зохицуулага нэг ёсондоо зөв явагдаж эхэлдэг гэсэн үг. Ингэснээр цөсний чулуу үүсэхгүй байх, цөс өтгөрөхгүй байх, дээр нь нойр булчирхайн янз бүрийн үрэвсэл, өвчнүүдийг үүсэхгүй байх нөхцлүүд бүрдэнэ. Тэгэхээр өглөө цай уух нь шүүрлийн зохицуулгыг тэр чигээр нь зөв удирдах хамгийн чухал алхмуудын нэг. Бидний ходоод дугардаг шүү дээ энэ маань өөрөө шүүрлээ ялгаруулаад л хоолоо боловсруулахад бэлэн болчихсон байгаад байгааг хэлээд байгаа юм.
Тэгэхээр яг тэр үед нь хоол идэхгүй байхаар л ходоодны хүчил ихдэх, ингэснээр үрэвсөл өвчнүүдийг ахиад үүсгээд явна гэсэн үг. Бүх эрхтнүүдэд тойруу эргэлдэх шүтэлцээтэй учраас хоолны дэглэм олон төрлийн өвчнүүдийг үүсгэх магадлалтай” гэлээ.