УИХ-ын дарга, хууль санаачлагч Г.Занданшатарын боловсруулж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд https://lawforum.parliament.mn/draft/531/ холбоосоор цахимаар санал авч байгаа ажээ.
Энэхүү хуулийн төслийн заалтууд болон төслийн үзэл баримтлал, танилцуулгыг харвал манай улс 1992 оны Үндсэн хууль батлагдаж, түүнийг даган нийцүүлэн баталсан 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 2002 оны Газрын тухай хууль зэрэгт баримталж байсан бодлого, зарчим, баримтлалаа өдгөө үгүйсгэж байгаа мэт харагдаж байна. Нэг ёсондоо залгамж халаа байхгүй, өнгөрснөө үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, тогтвортой бус шинжтэй ийм хуулийн төсөл болжээ.
Уг төсөл нь одоогийн байдлаар ердөө хоёрхон л заалттай. Нэг нь “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн ‘газрын тухай7’ гэснийг хассугай.” гэх заалт бол нөгөө нь “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн заалт байна.
Цаашилбал, хуулийн төслийн танилцуулга болон үзэл баримтлалд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах нь Үндсэн хууль болон Газрын тухай хуультай зөрчилдөж байна гэж дурджээ.
Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1 нь Үндсэн хууль болон Газрын тухай хуулийн доорх заалтуудтай зөрчилдөж байна гэж тайлбарлажээ. Үүнд:
1. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.” гэж заасантай,
2. Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал” гэж заасантай,
3. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэж заасантай тус тус зөрчилдөж байна гэж хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгад тус тус дурдсан байна.
Юун түрүүнд, ХОтХ-ийн 12.1.1 дэх хэсгийн “… эзэмшүүлэх, …” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа гэдэгтэй санал нийлж буйгаа энд дурдъя. Гэхдээ зөвхөн “эзэмшүүлэх” гэдэг хэсэг нь шүү, түүнээс тус заалт бүхэлдээ биш.
Харин, УИХ-ын дарга Г.Занданшатарын боловсруулж буй хуулийн төслийн үзэл баримтлалд, танилцуулгад дурдсан “ХОтХ-ийн 12.1.1 заалт нь бүхэлдээ Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж байна” гэх агуулга нь үндэслэлгүй юм.
Тухайлбал, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн ашиглуулахыг зөвшөөрсөн бөгөөд эзэмшүүлэх болон өмчлүүлэхийг хориглосон гэж тайлбарлана. Тэгэхээр, ХОТХ-ийн 12.1.1 буюу гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газрыг гэрээний үндсэн дээр, төлбөртэйгөөр ашиглуулж болох тухай хуулийн заалт нь Үндсэн хуульд харшилсан шинжтэй гэдэг нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн, тус 12.1.1 заалт нь газрын тухай хуультай харшилж, газрын тухай хуулийг зөрчиж байна гэдэг нь ч үндэслэлгүй байна.
Монгол Улсын Их Хурал өөрөө эдгээр бүх хуулийг баталсан байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ч, Газрын тухай хуулийг ч. Тухайлбал, Газрын тухай хуулийн 2002 онд Үндсэн хуульд нийцүүлж баталсан бол Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг 1993 онд мөн Үндсэн хуульд нийцүүлэн баталж, улмаар тус хуулийг 2013 онд “Хөрөнгө оруулалтын тухай хууль” болгож шинэчлэн найруулж, баталсан байдаг.
Жишээ нь 2002 оны Газрын тухай хуулийг батлах үеийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлийг эргэн нэг харъя. Учир нь, Газрын тухай хуулийг анх 2002 оны 5 сарын 30-ны өдөр анхны хэлэлцүүлгийг нь хийж, мөн оны 6 сарын 7-ны өдөр эцсийн хэлэлцүүлгийг нь хийн баталжээ.
Дээрх хэлэлцүүлгүүдийн үеэр Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодын саналыг тухайн үеийн УИХ-ын гишүүд болох Ц.Өөлд, Ч.Раднаа нар чуулганы хуралдаанд уламжлан дэвшүүлж байжээ.
Тус санал нь Газрын тухай хуулийн төслийн 6.1, 27.2, 30.1, 31.1, 33.1-ийнгадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэснийг тус тус хасах санал байсан бөгөөд 90.2%-ийн саналаар дэмжигдсэнээр дээрх заалтуудаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж гэсэн үгийг хасаж байжээ.
Харин, дээрх заалтууд нь газар эзэмшүүлэх эрхтэй холбоотой заалтууд бөгөөд өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх нь Үндсэн хуульд харшлах учир ийн хасжээ. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 6.3, 44.5, 60.3 зэрэг заалтуудад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газрыг төлбөртэйгөөр, гэрээний үндсэн дээр ашиглуулж болох агуулга тусгагдсан байдаг бөгөөд хуулийг 2002 онд батлах үед энэ агуулгыг Үндсэн хуульд нийцэж буй гэж үзэж баталж байсан байна. Тэр нь ч үндэслэлтэй.
Гэтэл, УИХ-н дарга Г.Занданшатар нь боловсруулж буй хуулийн төслийн танилцуулгадаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1 нь бүхэлдээ Газрын тухай хууль, Үндсэн хуулийг зөрчиж буй мэт тайлбарлаж байгаа нь огтоос үндэслэлгүйн дээр популист шинжтэй харагдаж байна. Тэрээр энэ тайлбараа зөвтгөхдөө Газрын тухай хуулийн 17.1.2-ыг мөн дурдсан байдаг. Энэ заалт нь угтаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж төлбөртэйгөөр, гэрээний үндсэн дээр газар ашиглахтай огтоос хамаагүй заалт юм.
Газрын тухай хууль:
17.1.Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.2.гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах;
Дээрхээс харвал аливаа нэг гадаад улсад, эсвэл олон улсын байгууллагад, эсвэл гадаадын хуулийн этгээдэд “газрыг түрээслүүлэх” эсвэл “төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр газрыг ашиглуулах” тохиолдолд энэ шийдвэрийг Улсын Их Хурал гаргадаг байхаар заажээ.
Харин, энд зааснаас бусад асуудлаар Газрын тухай хууль болон УИХ-аас баталсан бусад хууль тогтоомжид нийцүүлэн газар ашиглуулах эсэх асуудлыг бусад төрийн байгууллага, тухайлбал харьяалах шатны засаг дарга, эсхүл Засгийн газар зэрэг шийдэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, ХОтХ-ийн 12.1.1 заалт нь УИХ-ын бүрэн эрхэд халдаагүй, түүнийг үгүйсгээгүй гэсэн үг.
Эндээс харвал, хууль санаачлагчид, тэр дундаа УИХ-н дарга нь хуулийн төсөл боловсруулахдаа холбогдох хууль нь анх ямар үзэл баримтлалаар, ямар зарчмын хүрээнд батлагдаж байсныг судалдаггүй, улмаар өөрийн байгуулалтын буюу УИХ-ын өмнөх шийдвэр, үйл ажиллагааг үгүйсгэдэг болох нь харагдаж байна.
Монголын төрд залгамж халаа, тогтвортой байдал гэж ер нь байна уу?