Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Тиймээс Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей гуравдугаар сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг байна.
Бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний үйлчлүүлэгч ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдгийг иргэд гадарлах болжээ. 2023 онд “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзжээ. Үүний 46 хувь нь хүүхэд байсан аж.
Манай улсад 0-16 насны хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейг үнэ төлбөргүй үзүүлдэг. Иймд сурагчид ангиараа, найзуудтайгаа дуртай музейгээ хэдэн ч удаа үзэж болно. Тиймээс хэт олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй.
Тиймээс эцэг эхчүүд, багш нар эрсдэлийг бодолцож, “Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдээ дагуулж ирэхийг Чингис хаан музейн хамт олон уриалжээ. Жирийн өдрүүдэд хүүхдүүд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтой гэж тус музейгээс сануулжээ.