Сонсогчдын сайн мэдэх “Найзууд”, Хувь заяаны галт тэрэг”, Хайрын сарнай” зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан МУСТА, дуучин Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний хувьд хоёр настайдаа хавдрын шалтгаанаар хараагаа алдсан ч бэрхшээлтэй гээд хойш суулгүй, тууштай хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвисаар яваа нэгэн. Тэрээр “Миний жигүүр болсон эхнэр минь байгаа учраас би шантрахгүй, урагш тэмүүлж, зөв амьдарч чаддаг байх” гэв.
Дуучин Мөөжиг гуравдугаар сарын 8-нд Олон улсын Эмэйгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Хайрын сарнай” VIP тоглолтоо Улаанбаатар хотын бүсгүйчүүддээ зориулан тоглохоор бэлтгэл ажлаа хийж байгаа аж.
Тэрээр “2004 онд анх хип хоп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг TI хамтлагийг найзтайгаа хамт үүсгэн байгуулж, тэр цаг үеэс урлагийн салбарт орсон. Бие даан уран бүтээл хийж эхэлсэн цаг үе маань гэвэл 2011 оноос хойш поп чиглэлээр соло уран бүтээлүүдээ хийж эхэлсэн.
Би иргэний нийгмийн байгууллагад ажилладаг. Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр 10 гаруй жил ажиллаж байна. Мөн хэвлэл мэдээллийн салбарт FM радио ажиллуулдаг. Жаахан байхаасаа л радио хөтөлдөг байсан. 2011 онд өөрийн радиог үүсгэн байгуулж, 13 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.
Харааны бэрхшээл бол миний бага насанд бий болсон. Хоёр настай байхдаа нүдний хорт хавдар өвчнөөс болж хараагүй болсон. Түүнээс хойш удаж байна. Ямар нэгэн бэрхшээлтэй байлаа гээд өөрийгөө тусгаарлаж суух нь тийм ч зөв зүйл биш. Би сургуульд байхаасаа л дуулах дуртай, улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, байнга медальт байранд шалгардаг байсан. Тэр утгаараа урлагт маш дуртай. Багаасаа монголын болон гадаад дуучид, FM их сонсдог байсан. Үүнээс үүдэн урлаг руу орох замнал эхэлсэн юм шиг санагддаг.
Гэр бүл маань Эрдэнэт хотод байдаг. Би эхнэртэйгээ 10-р ангиасаа нэг ангид сурдаг байхдаа үерхэж эхлээд, одоо хоёр хүүхэдтэй сайхан гэр бүл болсон байна. Бид хоёр хүүтэй. Манай эхнэр миний уран бүтээлийн, амьдралын маань бүх цаг үед түшиг тулгуур болж яваа. Миний нэг жигүүр гэж хэлэхүйц хүн. Уран бүтээлд маань маш их дуртай. Шинэ дуу гарах, тоглолт хийх бүрд яг надтай адил догдолж, нойргүй хонож, бүхий л ажлуудыг маань хамтдаа амжуулдаг. Өөрөө ажилтай ч хажуугаар нь миний менежер гээд бүхий л зүйлийг маань давхар хийгээд явдаг. Магадгүй би ийм түшиг тулгууртай болохоор уран бүтээлээ өдий хүртэл хийгээд явж байж магадгүй юм.
Би өөрийгөө их зоригтой юм болов уу гэж бодож байна. Магадгүй би харахгүй юм чинь гээд хойшоо суугаад, би харахгүй юм чинь гээд хүмүүсээс ичээд, гадуур явахгүй, ажлаа хөөцөлдөхгүй, уран бүтээлээ хийхгүй хаявал хаяж болох байсан. Тэгэлгүйгээр тууштай, шантралгүй явсан итгэл, зүтгэл маань л хамгийн давуу тал юм уу. Миний амьдралын зарчим бол эд хөрөнгө хурааж явахын оронд байгаа хугацаандаа зөв, сайхан яваад дуусъя гэж боддог. Ингэж зөв яваа үлгэр дуурайллаас хүүхдүүд маань зөв хүмүүжих сууриа олно гэж боддог.
Тууштай байхыг хүсдэг. Аливаа зүйлийг хийвэл заавал дуусгадаг, ажлаа эхэлсэн бол заавал дуусгадаг. Тоглолт хийнэ гээд зорьсон бол түүнийгээ хийж байж сэтгэл амардаг. Шинэ дуу, цомог, клип гаргахдаа бүхий л зүйлийг хийхдээ чанартай, гоё хийж ард нь гарах юм сан. Аливаа зүйлийг эхлүүлэх гэж байгаад больдог зан байхгүй. Хоёр, гурван ажил давхар хийж байгаа ч бүгдийг нь л амжуулах юм сан гэж зорьж явдаг. Залуу хүн болохоор бүгдийг нь амжуулаад явж байна.
Олон улсын Эмэгтэйчүүдийн баяраар нийт монголын бүсгүйчүүддээ зориулан “Хайрын сарнай” гээд VIP тоглолтоо хийх гэж байна. Урьд нь жил бүр Мартын-8-ны өдөр Эрдэнэт хотдоо тоглодог байсан бол энэ жил Улаанбаатар хотноо Light event hall гээд Өргөө кино театрын ард байрлах эвент холлд өөрийн VIP тоглолтыг зохион байгуулж байна. Гуравдугаар сарын найманд болох тоглолтод маань надаас гадна миний Улаанбаатар хотод хамтарч ажилладаг уран бүтээлийн ахан дүүс, найз нөхөд маань ирнэ. Дурдвал, МУГЖ, ая зохиогч, дуучин Амаржаргал эгч маань байна. Нисванисийн Амгаа, Дижитал Эрка, No name хамтлаг, Увертура хамтлаг зэрэг уран бүтээлчид надтай хамт бүсгүйчүүдээ баярлуулна. Улаанбаатар хотын сайхан ээжүүд, охид бүсгүйчүүд хүрэлцэн ирж, тоглолтыг маань үзээрэй гэж урьж байна. Тасалбарыг Ticket.mn-ээр худалдаалж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.