БНСУ-ын засгийн газраас анагаахын чиглэлээр их сургуульд сурах оюутнуудын тоог 3056 байсныг 2000-аар буюу 65 хувиар нэмэх санаачилга гаргасанг тус улсын эмч нар хүчтэй эсэргүүцэж байна. Одоогийн байдлаар БНСУ даяар 7800 резидент эмч нар ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна. Резидент гэдэг нь эмчлэх эрхээ аваад сурангаа ажиллаж байгаа эмч нарыг хэлдэг. Тэдгээр халагдах өргөдлөө өгсөн резидент эмч нарыг эргэн ажилдаа яаралтай ирэх тухай тушаалыг БНСУ-ын засгийн газраас гаргаад байгаа. Мөн хэрвээ энэ баасан гаргаас өмнө эргэн ажилдаа ирэхгүй бол эмнэлгийн үйл ажиллагааг санаатай доголдуулж, өвчтөнүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан хэмээн резидент эмч нарын эсрэг хэрэг үүсгэнэ гэж тус улсын Аюулгүй байдал, дотоод хэргийн сайд Lee Sang-min даваа гарагт мэдэгдээд байна. Эмч нар өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажил хаяж эхлээд байгаа юм. Мөн БНСУ даяарх резидент эмч нарын 78.5 хувь нь ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбар тэр чигтээ доголдох эрсдэлийг үүсгэж байгаа юм. Одоогийн байдлаар улсын эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч ачааллаа дийлэхгүйдээ хүрээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Эx сурвалж: reuters