Өнгөрсөн Бямба гарагт Орос, Украины дайн эхлээд 2 жилийн хугацаа өнгөрсөн. 2022 оны 2-р сарын 24-нд Украины газар нутагт ОХУ-ын цэргүүд нэвтэрснээр талуудын хооронд олон жил үргэлжилсэн зөрчилдөөн хурцдаж, дайн болсон гэж шинжээчид дүгнэдэг. Тэгвэл үүнийг тохиолдуулан Украины ерөнхийлөгч В.Зеленский дайнд Украины 31 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн талаар албан ёсны мэдээлэл өглөө.
Тэрбээр “В.Путин болон түүний эргэн тойрныхны ярьж буй 150 мянга, 300 мянга гэдэг тоо худал. Гэхдээ бид амиа алдсан цэрэг нэг бүрийнхээ төлөө гашуудаж байна” гэжээ. Харин Оросын хараат бус хэвлэлүүдийн хамтран гаргасан мэдээллээр дайнд Оросын 83 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн гэсэн юм.
Өнгөрсөн онд АНУ-ын албаныхны гаргасан тооцооллоор Украины 70 мянга гаруй цэрэг амь үрэгдсэн гэсэн. Өөрөөр хэлбэл, амь үрэгдсэн цэргүүдийн тоо бодит байдал дээр үүнээс ч өндөр байх магадлалтай ба албаныхны гаргаж байгаа тоо зөрүүтэй байсаар байна. Байлдааны талбарын хувьд хамгийн сүүлд ОХУ Украины Авдиевка тосгоныг хяналтдаа аваад байгаа. Байлдааны хувьд намжих төлөвгүй, Украины хувьд холбоотнуудаа хадгалах, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх сорилттой тулгараад байна.