Нийтийн тээврийн жолоочид өглөө дөрвөн цагт босож ажилдаа яваад оройны нэг цагт гэртээ ирдэг тухайгаа ярилаа. Энэ хооронд тэдэнд цайны цаг гэж 20 минут олддог байна. Энэ богинохон хугацаанд өдрийн хоолоо “уугаад” л гардаг гэж жолооч Э.Бат-Орших онцоллоо. Өдөрт ердөө дөрвөн цаг унтаж ажилладаг тэдний сарын цалин нэг сая 800 мянган төгрөг. Үүнээс шимтгэл, татвараа суутгаад гар дээр нэг сая 200 төгрөгийн цалин авдаг аж.
Ийм учраас жолоочид НИТХ-д цалин болон нийгмийн хангамж бусад асуудлаар шаардлага хүргүүллээ.
Шаардлагад:
- Нийтийн тээврийн жолоочдын өдрийн 8 цаг ажилласан цалинг бүтнээр нь бодож олгох
- Жолооч нарын цалинг бүх шимтгэлийг хасаад 1000 доллар авахаар болгох
- Жолооч нар тэтгэврийн эрх үүсэх үед нэг удаа 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг бодож олгодог болох гэсэн гурван зүйлийг тусгажээ.
Энэ талаар жолооч Э.Бат-Орших, “Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нар “хоёрдугаар сард багтаан нийтийн тээврийн жолооч нарын цалинг гурван сая 500 мянган төгрөг болгоно” гэж мэдээлэл хийсэн. Гэвч одоогоор цалин нэмэгдээгүй байна. Тиймээс энэ сарын 28-нд болох хурлаар дээрх шаардлагад хариу өгөхийг хүсэж байна” гэв.