Зудын нөхцөл байдлаас шалтгаалан мөсний баярыг цуцлах тухай хөндөгдөж байсан ч аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн саналыг үндэслэн хийхээр болжээ. Орон нутгийн иргэдийн хувьд ч худалдаа эрхэлж орлоготой болох боломж. Мөн олон улсын болон дотоодын жуулчид хэдийн захиалгаа хийж, нислэгүүд тавигдаж, аялал жуулчлалынхан маань бэлтгэлээ хангасан байна. Урлаг, соёлынхон ч тоглолт хийж зудад нэрвэгдсэн малчдад тодорхой хувийг хандивлахаа илэрхийлж байна.
Уламжлалт мөсний баяр ирэх сарын 3,4-нд болно.
Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, Хөвсгөл нуурын мөсний баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан учраас 2014 онд, коронавируст цар тахлын улмаас 2020, 2021 онд тус тус зохион байгуулагдаагүй.
Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай ажээ.
ЭХ СУРВАЛЖ: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ