Хаврын тэргүүн сарын шинийн 15 маргааш тохионо. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн хамба лам П.Жавзандорж сүсэгтэн олонд Тэгчэн Сожон хүртээх ёслол зохион байгуулахаар болсон байна.
Тэгчэн Сожон хүртээх тус ёслолыг маргааш өглөө 07.00 цагаас Гандантэгчэнлэн хийдийн харьяа “Бурханы Шашны Дээд Сургууль”-ийн хурлын танхимд болохоор болжээ. Сожин гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай Түвд хэлний үг бөгөөд нэг өдрийн ариусахуйн сахил гэдгээрээ онцлог юм байна.
Сожон сахил хүртэх өдөр нь өглөө нар гарахаас ч өмнө гарын алганы зураас харагдах цагаас эхлэн босож бэлтгэн, өөрийн гэрийн шүтээн буюу лам багшдаа гурван удаа мөргөн, уншлага тарни уншиж, ам авдаг бөгөөд алганы зураас харагдсан цагаас эхлэн маргаашийн улаан нар хүртэл сахих журамтай өдөр билээ.