Европын холбооны зүгээс ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх ээлжит багц хоригоо танилцуулаад байна.
Өнгөрсөн хугацаанд Европын холбоо нь 12 удаагийн багц хоригийг дайн эхэлсэнээс хойш авч хэрэгжүүлж байсан бөгөөд энэ удаагийнх 13 дахь нь болж байна. Энэ удаад ОХУ-ын 200 гаруй хуулийн этгээд болон хувь хүний эсрэг хориг тавьж байгаа аж. Ингэснээр өмнөх хоригуудтайгаа нийлээд ОХУ-ын 2000 хуулийн этгээд болон хувь хүнд Европын холбоо хориг тавьсан болж байна.
Өчигдөр Европын холбооны гишүүн 27 орны ерөнхий сайд нарын бүлэг болох Европын холбооны зөвлөл Украины дайны асуудлаар хуралдаж, ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх хоригийн анхан шатны баримт бичгийг боловрсуулан нь энэ юм. Одоогийн байдлаар Белги улс Европын холбооны зөвлөлийг даргалж буй. Зөвлөлийн зүгээс өөрсдийн Х хуудсаараа дамжуулан 13 дахь удаагийн багц хоригийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхдөө Европын холбооны зүгээс урьд өмнө хэрэгжүүлж байсан хоригуудаас хавь илүү өргөн цар хүрээг хэрэгжүүлэх гэж байна хэмээн мэдээлсэн.
Хориг арга хэмжээ албан ёсоор энэ ням гарагт буюу 2-р сарын 24-ий өдөр батлагдана.
Европын холбооны хэрэгжүүлэгч байгууллага болох Европын комиссын тэргүүн Урсула Фон дер Лайен зөвлөлийн шийдвэрийг таатай хүлээн авч буйгаа мэдэгдсэн байна.
Мөн түүний мэдээлснээр ойрын хугацаанд Европын холбоо ОХУ руу орж нисгэгчгүй онгоцны нийлүүлэлтийг таслан зогсоохоор ажиллаж байгаа гэсэн.