Израил улсын парламентын зүгээс тус улсын ерөнхий сайд болох Биньямин Нетаньяхугийн адилаар Палестины тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа зарлалаа.
Израилын парламентын танхим өчигдөр Газын зурвасын асуудлаар хэлэлцсэн байна. Ингэхдээ парламентын гишүүд сүүлийн үед Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай яриа хэлэлцүүлэг олон улсын түвшинд ихээр өрнөж байгааг зэмлэн буруушааж байв. Тэдний зүгээс Израил болон Палестины газар нутгийн тухай аливаа яриа хэлэлцээ Израил болон Палестины эрх баригчдын хооронд өрнөх ёстой гэж үзэж байгаа юм. Тодруулбал, бусад улс орнуудын шахалтын улмаас тус талууд хоорондоо ярьж, хэлэлцэн зөвшилцсөний үр дүнд асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж гишүүд дүгнэсэн байна.
Парламентын гишүүд хэлэлцүүлгийн дараагаар Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх эсэх тухай санал хураасан юм. Санал хураалтын дүнгээс харахад нийт 120 гишүүний 99 нь эсэргүүцсэн байр суурьтай байсан нь сөрөг хүчний гишүүд хүртэл эрх баригчидтай ижил байр суурьтай байгааг харуулж байна. Парламент ийнхүү Палестины тусгаар тогтнолын асуудлаар санал нэгдэж, олонхын саналаар эсэргүүцсэнд ерөнхий сайд Биньямин Нетаньяаху таатай хандаж байгаа гэдгээ илэрхийлээд байгаа. Түүний хувьд Палестиныг тусгаар улс гэж үзэх нь Израилийн аюулгүй байдалд аюул учруулна гэж үздэг билээ.