ОXУ нь Украинд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж эxэлсний хоёр жилийн ойтой давxцаж буй энэ үед Европын холбоо нь БНАСАУ-ын (Хойд Солонгос) эсрэг анхны хориг арга хэмжээгээ авах гэж байна.
Европын холбооны 27 гишүүн орон лхагва гарагт Украинтай холбоотой ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээний 13 дахь багцийг баталсан тухай ЕХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Урсула Фон Дер Ляйен X (хуучнаар Твиттер) хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Энэ нь ЕХ-ноос баталсан хамгийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээний нэг болно гэж нэмж хэлэв.
"France 24" телевизээр Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийг дэмжсэний төлөө хориг арга хэмжээний жагсаалтад оруулахаар болсон гэж мэдэгджээ. Жагсаалтад орсон хүмүүсийг ЕХ-нд зорчих, бизнес эрхлэхийг хориглоно.
Шинэ жагсаалтад 193 аж ахуйн нэгж, хувь хүн нэмэгдэx бөгөөд голдуу Москвад зэвсэг нийлүүлэхэд тусалсан эсвэл Украины хүүхдүүдийг хулгайлахад оролцсон гэх үндэслэлээр xамрагдаx юм .
Хоёрдугаар сарын 24-нд буюу Орос Украинд түрэмгийлсний хоёр жилийн ойн өдөр уг багцыг албан ёсоор баталсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Хамгийн сүүлд авсан хориг арга хэмжээг оруулаад Украин дахь Оросын түрэмгийллийн эсрэг ЕХ-ны хориг арга хэмжээний жагсаалтад 2 мянга гаруй хувь хүн, аж ахуйн нэгж xамрагдаx болно.
ЕХ өмнө нь хүний эрхийг зөрчсөн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөний улмаас Умард Солонгосын өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч байсан ч энэ нь Украины дайнтай холбоотой анхны тохиолдол болох юм.
Хойд Солонгос хиймэл дагуулын технологийн хариуд Украины эсрэг Орост сум нийлүүлсэн гэх мэдээлэл байна.
Эx сурвалж: Arirang News