Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.
Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд тус бүр 15 шуудай тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эрүүл мэндийн тусламж хүргэлээ. Мөн Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл, шаардлагатай тусламжуудыг эхний ээлжинд шуурхай бүлэг хүргэж өглөө.
Мөн Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олголоо. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан хоёрдугаар ээлжинд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг зохион байгуулна.