Дэлхийд алдартай Олон улсын “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцсоноор Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнөх дээд амжилт нь 21 удаа суниасан байдаг юм байна.
Жүжигчин С.Оюун-Эрдэнэ зургаан настайгаасаа уран нугаралтаар хичээллэж, олон улсын “Нарны цирк”-т 20 гаруй жил ажиллаж байгаа юм. Түүнтэй хамт тус циркийн акробатчин Люси (Lucie) гар дээрээ хойшоо хамгийн олон үсэрсэн (back handsprings) үзүүлбэрийг гүйцэтгэж, Гиннесийн дээд амжилтыг шинэчилсэн байна.
Гиннесийн дээд амжилтын шүүгч Меган Брюс хэлэхдээ “Би “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчид сайн гэдгийг мэдэж байсан. Гэхдээ эдгээр амжилтыг биечлэн болон ойроос харах нь огт өөр зүйл байлаа. С.Оюун-Эрдэнийн үзүүлсэн уян хатан байдал, дээд биеийн хүч нь намайг гайхшируулсан. Бие бялдрын хувьд маш их ачаалалтай дээд амжилтыг эвдсэн жүжигчиндээ баяр хүргэе” гэжээ.
Уран нугараач С.Оюун-Эрдэнэ “Нарны цирк”-ийн дөрвөн шоунд оролцож байсан. Тэрээр одоо Лондон хотын алдарт Рояль Алберт Холл театрт 2024 оны нэгдүгээр сарын 11-ээс гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд шинэчилсэн тайзны найруулгатайгаар үзэгчдэд хүрч буй тус циркийн “Alegría – In A New Light” шоунд оролцож байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ УЛСААС ИР БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСАД СУУГАА ЭСЯ