Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо. Энэ нь 1960 оноос хойших хоёрдугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан гэсэн үг юм.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -40…-45 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -34…-39 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -22…-27 градус, бусад нутгаар -28…-33 градус хүйтэн байв.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр -20…-22 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -40…-42 градус, бусад хэсгээр -32…-34 градус хүйтэн хоносон байна.
Эх сурвалж: Ус, цаг агаар, орчны мэдээ мэдээллийн төв