Хар залуугаараа даралт нь ихэсчихлээ. Хар залуугаараа цус харвачихлаа, зүрх нь өвдчихлөө гэх мэдээллийг бид өдөр бүр сонсож байгаа. Үүний гол шалтгааныг агаарын бохирдол, нийгмийн стресстэй холбож тайлбарлах олон нийтийн хандлага бий. Тэгвэл энэ нь ганц шалтгаан биш. Таргалалт бол үүний цаана байгаа том шалтгаануудын нэг юм.
Сүүлийн үеийн судалгаагаар хоёр том хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай байна. Судалгаанд хамрагдсан иргэд “Ямар ч хөдөлгөөн хийдэггүй. Хөдөлгөөн хийх зав байдаггүй” гэж хариулжээ. Тэгвэл бид НЭМҮТ-өөс таргалалттай хэрхэн тэмцэх талаар болон зарим судалгааны мэдээллийг авлаа.
Энэ талаар НЭМҮТ-ийн Халдварт бус өвчнөөс урдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бямбасүрэн дараах зөвлөгөөг өглөө.
ЭРҮҮЛ АМЬДРАХ, ЭСЭХЭЭ ТА ӨӨРӨӨ ШИЙДНЭ
Тэрээр, “15-69 насны нийт хүний 22 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. 49 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь таргалалттай гэсэн судалгааны дүн гарсан. Эрүүл мэндийн хүчин зүйлийг 100 хувь гэж авч үзвэл, 55-65 хувийг өөрийн зан үйл, дадал хэвшлээс шалтгаалж байдаг. Насанд хүрсэн хүн өдөрт 30-60 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийвэл эрүүл байж чадна. Эсвэл 10 мянган удаа алхах хэрэгтэй. Том хүний дадал хэвшлийг өөрчлөхөд, зургаан сараас хоёр жилийн хугацаа шаарддаг. Та ямар нэгэн дасгал хийхдээ хажууд байгаа хүнтэйгээ ярьж чадахуйц байвал таны дасгалын ачаалал тохирч байна гэж үзэх хэрэгтэй юм.
Хүн нийт амьдралынхаа 33 хувийг ажил дээрээ өнгөрүүлдэг. 21 дүгээр зууны ажлын байр бол хүний эрүүл мэндийг дэмжигч гол байгууллага болохыг ДЭМБ зөвлөсөн. Тиймээс ажил дээрээ дасгал хийж, зөв хооллох нь эрүүл амьдралын гол түлхүүр болно” гэлээ.
Таргалалттай холбогдуулан олон зуун эмэгтэй, эрэгтэй хүн хоолны дэглэм барьж турах гэж хичээдэг. Тэгвэл зөв зохистой хоолны хэрэглээ гэж чухам юу болох талаах Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны судлаач Э.Туул дараах зүйлийг хэллээ.
АЛЬ НЭГ ТӨРЛИЙН ТӨРЛИЙН ХҮНСИЙГ ХАСАХ НЬ ЗӨВ СОНГОЛТ БИШ
Тэрээр, “Эрүүл хооллолт бол сүртэй том асуудал биш. Маш энгийн асуудал байдаг. Зохистой хоолны зөвлөмжөөр бол аль нэг төрлийн төрлийн хүнсийг хасах тухай зөвлөдөггүй. Хүнд хэрэгтэй бүх шимт бодисыг агуулсан хүнс гэж байдаггүй. Тэгэхээр бид уураг, өөх тос, эрдэс бодис амин дэмээ авахын тулд бүх хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй. Мах, нүүрс усаа хассан дэглэм хэрэглэснээр яг тухайн үедээ жин хасаж байгаа мэт байх боловч урт хугацаандаа сөрөг нөлөө үзүүлдэг” гэсэн юм.
Хэн нэгний тарган, туранхай байх нь хувь хүний орон зайн асуудал хэдий ч, таргалалтын шалтгаант нас баралтууд нэмэгдэж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Хэрвээ та ууртай, бондго ах/эгч болохыг хүсээгүй бол эрүүл хооллож, өдөр бүр дасгал хийгээрэй.