Шуурхай баг Булган аймгийн Баяннуур суманд ажиллаж нийт 62 км авто замыг нээж, яаралтай түргэн тусламж шаардлагатай дөрвөн өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, зам нээгдсэн малчин өрхүүдэд тэжээл, хүнсний багц хүлээлгэн өгч, шөнийн 04:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэлээ.
Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна.
Дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай, 71 хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байна. Иймд 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтийг уламжиллаа.
Цэцэрлэгийн хувьд 130 хүүхэд бүртгэлтэй. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага байгаа ч хичээл сургалтын үйл тасралтгүй үргэлжилж байна. Энэ жилээс Амьдралын мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ангиудад ухаалаг дэлгэц хэрэгтэй байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгч танилцууллаа.