Эрүүл мэндийн боловсролтой, сэтгэл зүйгээ ойлгодог, санхүүгийн мэдлэгтэй ирээдүй үеийг бүтээлцэх зорилго бүхий Жигүүр төслийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр болж байна.
Төслийг 2019 онд үүсгэн байгуулагдсан, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмч нарын хөгжил манлайллыг дэмжих зорилготой залуу эмч нарын "Эрүүл амьдралын жигүүр" ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй юм. Мөн сэтгэлзүйч нараас бүрдсэн ХАБИДО аппликэйшн болон Төрийн банк хамтран ажиллаж байна.
"Жигүүр" төсөл нь өсвөр насны 2000 сурагчдад, нэг жилийн хугацаанд эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн боловсролыг дадлын хөтөлбөрөөр дамжуулан хүргэнэ.
Төсөлд,
- БГД-ийн Оюуны ундраа, 96 дугаар сургууль,
- БЗД-ийн 148 дугаар сургууль,
- Глобал иннова сургууль,
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургууль,
- СБД-ийн 29 дүгээр сургуулийн IX-XI ангийн 2000 сурагч хамрагдаж байгаа юм.
Сурагчид эрүүл мэндийн гурван зөв дадал, сэтгэлзүйн гурван зөв дадал, санхүүгийн гурван зөв дадлыг нэг жилийн хугацаанд HABIDO аппликэйшнээр дамжуулан олж авах төдийгүй эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн нийт 156 сэдвийн боловсролыг сонирхолтой байдлаар хүртэнэ. Мөн хугацаанд нийт 27 удаагийн танхимын хичээл орох юм. Ингэхдээ мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн багаар тусгайлан заалгахаар төлөвлөж байна.
Төслийг дэмжин, “Ленус мед” ХХК, “Медивелл Гуанжу” олон улсын байгууллага, “Монгол банк”, “Хадгаламжийн даатгалын корпораци”, “Практикал даатгал” ХХК, “Ворлд шэйр” олон улсын байгууллага ажиллаж буй.
Төслийн нээлтэд төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон сургууль, сурагч нарын төлөөллүүд GOOD HABITS GREAT GENERATION нэртэй панел хэлэлцүүлэг хийнэ.