Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлэхээр үзэглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд "Boys Over Flowers" буюу бидний мэдэх Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд киноны F4 бүлгийн гишүүний дүрд тоглосон Ким Хён Жун, бусад Солонгос уран бүтээлчдийн хамт Монголд ирээд байна.
Тэгвэл уншигч та бүхэнд дуучин Ким Хён Жуны тухай товч мэдээллийг хүргэе.
Тэрээр, 1986 оны 6-р сарын 6-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Тэрээр бага ангидаа хичээнгүй сурагч байсан ч дунд сургуулийн 2 дугаар дамжаанаасаа эхлэн цагийн ажил хийж эхэлснээр сурлага нь муудах болжээ. Улмаар ахлах сургуульд орж, хичээлүүд нь түүний амьдралд тийм ч хэрэгтэй санагдахаа больсон аж. Ахлах сургуульд байх үедээ тэр үеийн хөвгүүдтэй гар зөрөх тохиолдол багагүй гарч, цагдаагийн газарт хэд хэдэн удаа очдог байж.
Урлагийн амьдралд дурлах болсон Ким Хён Жун DSP Entertainment-ийн сонгон шалгаруулалтад орсноор карьерийнхаа эхлэлийг тавьсан байна. Улмаар SS501 хөвгүүдийн хамтлагийн гишүүн болж, 2005 оны 6-р сарын 23-нд "SS501" нэртэй анхны цомгоо гаргасан. Тэр цагаас хойш Kim Hyun-Joong KBS2 телевизийн "Boys Over Flowers" драмад тоглосон юм.
Ким Хён Жун эхэндээ хөгжмийн карьераа сүйтгэхээс айж Юн Жи Хугийн дүрд тоглох саналыг тийм ч таатай хүлээж аваагүй. "Boys Over Flowers" киноны зураг авалтын үеэр Ким Хён Жун жүжигчин Лим Йе Жинтэй дотносожээ. "Boys Over Flowers" киноны хэвлэлийн бага хурал дээр тэр жүжиглэх туршлагаараа илүү тэвчээртэй, тайван байж сурсан гэж хэлжээ.
Тэрээр одоо хоёр хүүхэдтэй бөгөөд бага хүү нь 2022 оны долоодугаар сарын 29-нд төржээ.