Эстони улсын тагнуулын албанаас олон улс дахь аюулгүй байдлын тухай жил тутмын тайлан мэдээгээ танилцуулсан байна. Нийт 86 хуудас үргэлжлэх тус тайлан мэдээний талаас их хэсэг нь Украины дайн болон ОХУ-аас Европын орнууд руу учруулж буй аюул заналхийллийн тухай байсан юм.
Тайлан мэдээнд дурдсанаар ОХУ ирэх 10 жилийн хугацаанд НАТО-гийн гишүүн орнууд руу халдах магадлал өндөр хэмээн Эстони улсын тагнуулын алба дүгнэсэн байв. Учир нь тэдний ажигласнаар ОХУ сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээх Финланд, Эстони, Литва, Латви зэрэг НАТО-гийн гишүүн орнуудын хил дагуух цэргийнхээ тоог хурдтай нэмэгдүүлж байгаа аж. Мөн ойрын хугацаанд тэдгээр хил дагуух цэргүүдийнхээ тоог ОХУ-ын засгийн газар хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийг ч Эстонийн тагнуулын албаныхан олж авсан байгаа юм.
Тус албаны дарга Каупо Росин НАТО-гийн бусад гишүүн орнуудад хандан бэлтгэлтэй байхыг сануулаад байгаа. Хэрвээ бэлтгэл хангалтгүй байвал ОХУ-аас дайрах магадлал бүр ч ихэснэ гэдгийг Каупо Росин анхааруулсан. Эстони нь ОХУ-ыг НАТО-гийн гишүүн орнуудын аюулгүй байдалд тулгамдаж буй томоохон аюул гэж үздэг улс орнуудын нэг байсаар ирсэн. Ялангуяа одоогоос арван жилийн өмнө буюу 2014 онд ОХУ Украины газар нутаг байсан Крымын хойг руу довтолсноос хойш Эстони тэргүүтэй Балтын орнууд батлан хамгаалах салбарынхаа зардалыг нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 болон түүнээс дээш хувийг зориулдаг болж байсан юм.