Израилын зэвсэгт хүчин Рафах хот руу хүчтэй агаарын цохилтуудыг өгсөөр байна. Улмаар олон арван энгийн Палестин иргэд хохирч байна. Даваа гаргийн өглөө болсон халдлагын улмаас л гэхэд урьдчилсан тооцооллоор 100 гаруй хүн амь үрэгдсэн гэж Палестинчуудад тусламж үзүүлж буй Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээллээ.
Харин Газын зурвасын эрүүл мэндийн яамнаас амь үрэгдсэн хүний тоог 94 хэмээн мэдээлж байгаа юм. Байлдаан ширүүн өрнөж буйн улмаас хохирлын хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй байгаа аж. Ийнхүү нөхцөл байдал хурцтаж буйтай холбоотойгоор Хамас бүлэглэлийн зүгээс мэдэгдэл хийж, Израилын засгийн газрыг Рафах хот руу хийж буй дайралтуудаа даруй зогсоохыг шаардсан байна. Хамас бүлэглэлийн зүгээс Израилын зэвсэгт хүчинг гэм зэмгүй хүмүүсийг хоморголон устгаж байна хэмээн мэдэгдэлдээ буруутгасан байлаа.
Рафах хот нь Газын зурвасын томоохон хотуудын нэг бөгөөд Египет улстай хиллэдэг хилийн хот юм. Израил, Хамасын мөргөлдөөний улмаас орон гэргүй болсон 1 сая гаруй Палестины дүрвэгсэд Рафах хотод байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл Газын зурвасын нийт хүн амын тал нь тус хот болон хотын ойролцоо байгаа гэсэн үг. Үүнээс гадна Рафах хотын боомт нь Израилын эрх мэдлээ тогтоож амжаагүй байгаа цорын ганц боомт аж. Тус бүс нутаг руу Израилийн зэвсэгт хүчин ийнхүү дайралт хийж байгаад улс орны удирдагчид болон томоохон хүний эрхийн байгууллагууд тун шүүмжлэлтэй хандаж байна. Израилын хамгийн том холбоотон орон болох АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар Израилын зэвсэгт хүчин Рафах боомт руу дайрахыг хэрхэвч дэмжихгүй гэдгээ нээлттэй илэрхийлээд байгаа.