“Хүн өөрөө л хөдөлмөрлөж, болгоё, бүтээе гээд зүтгэвэл хаана ч сайхан амьдрах боломжтой шүү дээ” гэж ярих түүнийг Ганхөлөгийн Эрдэнэ-Очир гэдэг. Тэрээр 1996 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд Ганхөлөгийн ууган хүү болон мэндэлжээ. Хүүхэд байхдаа PC тоглоомын газарт алдарт дуучин П.Адарсүрэнгийн Чандмань эрдэнэ дууг анх сонссон түүнд ихэд таалагдаж, тэр цагаас дуунд дурлаж эхэлжээ. Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театрт долоон жил ажилласан тэр одоо ч дуучин болж, уран бүтээлээ туурвих хүсэлтэй. Шагайн харваанд тун дуртай учир шагай харваж яваад уурхайн ажлаасаа гарахдаа “Ger food” нээн, хорхог боодог зэрэг монгол хоолоор нутгийн иргэддээ үйлчилж, хажуугаар нь дуугаа дуулж, адууны тамга урлаж, морь, үхэр тэжээж яваа “элдэвтэй” хөдөлмөрч хүн аж.
“Манай авга эмээ Цэцэгмаа гэж их сайхан дуулдаг хүн байж. Түүний аав Тулгын Пунцаг гэж Дундговийн Луус сумынхан “Өндөр Бунжаа” гэж авгайлан дууддаг байсан буурай шагай харвадаг, уухай сайхан дууддаг, уртын дуул дуулдаг авьяас билигтэй хүн байсан. Тэр хүний авьяасаас надад жаахан заяасан юм шиг байгаа юм” гэж Г.Эрдэнэ-Очир ярьж байлаа.
Тэрээр 2014 онд МУАЖ, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайн нэрэмжит аймгийн хэмжээний уралдаанд оролцож, Г.Хайдав гуайн хараанд өртөж, СУИС-ийн урилга авчээ. Гэвч МСҮТ-ийг дүүргээд удаагүй байсан учраас ЭЕШ өгч чадалгүй, Дундговь аймгийн театртаа үлдэж, дагалдан жүжигчнээр ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш театрын дуучин, гоцлол дуучин болж ахисаар долоон жил театртаа ажиллажээ.
Г.Эрдэнэ-Очир эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Пүрэвсүрэнгийн Гэсэрбадам гэдэг. “Би эхнэрийнхээ байранд нэг жил амьдарсан. Манай эхнэр нэг давхарт, би гурван давхарт амьдардаг байлаа. Эхнэрээ анх хараад янз бүрийн юм гуйгаад л эхэлж байсан. Шинэ жил дөхсөн байсан учраас цаасны хайч, цавуу, скоч гээд янз бүрийн юм гуйж байгаад л танилцаж, ханилсан даа. Одоо бид хоёр сайхан хүүтэй. Төрсөн нутагтаа ажиллаж, хөдөлмөрлөөд сайхан амьдарч байна.
Хүн бүр математикч болох албагүй гэдэг шиг хүн бүр хот суурин газар бараадаж, ганган, тансаг амьдрах шаардлагагүй. Манай нутагт ч янзын гоё загвартай байшин бариад амьдарч байгаа айл зөндөө байна. Бүх газар сайхан амьдрах боломжтой. Эхнэр бид хоёр ярьдаг л юм. “Ger food” ажиллуулдаг газартаа аатай сайхан том гэр ресторан бариад, ард нь өөрсдөө амьдардаг гоё гэр бариад, гоё амралтын газартай болно доо” гэж ярьдаг.
Стресс багатай, эрүүл агаартай гээд хөдөө сайхан” гэв.
Нэвтрүүлгийг дээрээс үзнэ үү.