Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар мөн Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор зарим төлөөлөгч асуулт тавьж, саналаа хэллээ.
Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн “…Журам батлагдвал хэзээнээс эхэлж үйлчлэх вэ” гэдгийг асуусанн юм. Засаг даргын орлогч П.Сайнзориг журам Хууль зүй дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, эмхэтгэлд орсноос 5 хоногиийн дараа үйлчилж эхэлнэ гэлээ. Харин төлөөлөгч Г.Гангамөрөн журам үйлчилж эхлэх тодорхой хугацааг олон нийтэд өгөх хэрэгтэйг сануулав.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй байна. 2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хотод 840 орчим мянга, 2030 онд 1 сая 129 мянга, 2035 онд 1.5 сая, 2040 онд 2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоололтой байгаа аж. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Гэвч өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг автозамын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байгаа юм.
Мөн энэ байдлаараа үргэлжилбэл 2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна гэсэн үг. Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэ төвлөрлийн бүсийн автозамын урт нь 62 км. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоод автомашин 25 км/ц хурдтай явахад 85783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол автомашин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой юм. Иймээс нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дугаар авсан тээврийн хэрэгслийн тоогоор тогтоохоор тогтоолын төсөлд тусгасан юм. Эцэст нь нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулав. Мөн хурлаар авто тээврийн хэрэгслийн өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг хэлэлцэв. Төсөлд албан татварын хэмжээг дараах байдлаар ногдуулахаар батлав.