Эрүүл мэндийн яамнаас сар шинийн баяртай холбогдуулан амьсгалын замын халдварт өвчин болон хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: -Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжилийн түвшин өндөр хэвээр байна. Уушгины хатгалгаар эмнэлэгт эмчлүүлж буй олон хүн байна. Нярай, хоёр хүртэлх настай хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс томуу тусвал хүндрэх эрсдэлтэй. Тиймээс амьсгалын замын халдвараас сэргийлж гараа тогтмол угааж, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэхийг зөвлөж байна. Бага насны хүүхэдтэй үнсэж золгохгүй байх нь халдвараас сэргийлнэ. Мөн нүүр амандаа гараа хүргэхгүй байх, хоёр цаг тутамд агаараа сэлгэх хэрэгтэй.
Долоо хоног бүрийн вирус тархалтын шинжилгээгээр Ковид 19 хувь, томуугийн вирус 10 хувийн тархалттай байна. Иймд Цагаан сарын үеэр эдгээр халдварууд улс даяар тархах эрсдэлтэй.
Хоол хүнсний буруу хадгалалттай холбоотой хордлого баярын өдрүүдэд их байдаг. Лаазалсан хүнсний дуусах хугацаа, сав, баглааг сайтар шалгана. Хөргүүртэй газраас хүнсээ худалдан аваарай. Ууц, чанасан махыг удаан хугацаагаар хадгалахгүй байх, хоносон салат идэлгүй, жимс хүнсний ногоог сайтар угааж хэрэглээрэй.