АНУ-ын Конгресст гадаад орнуудад үзүүлэх тусламжийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг дахин өрнөж эхэллээ. Өнгөрсөн ням гарагт Конгрессийн дээд танхим Украин, Израил, Мексикээс ирж буй цагаач нарт зориулан 118 тэрбум ам.долларын төсвийн саналыг танилцуулсан байгаа юм. Тэгвэл уг төсвийн саналыг Конгрессийн доод танхим эсэргүүцэх өндөр магадлалтай байна. Учир нь төлөөлөгчдийн танхимын шинэхэн спикер Майк Жонсон Сенатад хандан танилцуулсан төсвийн саналыг нь Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд дуу нэгтэйгээр эсэргүүцнэ гэж анхааруулсан байгаа юм. Мөн тэрээр өөрийн Х хуудаснаа төсвийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна хэмээн байр сууриа хэдийн илэрхийлээд амжсан байгаа. Сенатын танилцуулсан төсвийн саналын задаргааг харвал Украинд үзүүлэх дэмжлэг хамгийн өндөр дүнтэй байгаа буюу нэлээд өндөр дүнгээр жин дарж байгаа юм. Тодруулбал, нийт төсвийн 51 хувь нь буюу 61 тэрбум ам.доллар нь Украинд дэмжлэг үзүүлэхэд төсөвлөгдсөн байна. Украины яг араас хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэхэд хуваарилагдсан 20 тэрбум ам.доллар төсөв жагсаж байна. Харин Газын зурваст Хамас зэвсэг бүлэглэлийн эсрэг байлдаж буй Израилд зэвсэгийн тусламж үзүүлэхэд 14 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Тиймээс энэ төсөв батлагдах эсэх нь, цаашлаад АНУ Украинд тусламж үзүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.