Авлигын эсрэг тэмцлээсээ алхам ч ухрахгүй гээд 5Ш ажиллагааг эхлүүлсэн эрх баригчид ард түмнийхээ нүдэн дээр хамраараа газар хатгалаа. 30 жилийн хугацаанд мафижсан авлигын сүлжээг задална, тэсэлнэ гээд сүржин сүржин үг хэлж, ханцуй шамлан тэмцэж буй мэт тоглосон жүжгийн бодит төрх өнгөрсөн долоо хоногт ил болсон нь "Транспаренси Интернэшнл”-ийн төсөөллийн индекс байв. Үнэн хэрэгтээ авлигын сүлжээг задлах биш авлигадаа автаж, ардчилсан улсын эгнээнд багтах уу, үгүй юу гэдэгтэй л нүүр тулсан “үр дүн” гарав.
Нөгөөтэйгүүр 5Ш ажиллагаа АТГ-ын сайт болоод пэйж хуудсанд нийтлэгдсэн тоотой хэдэн постер, видео төдийхнөөр өндөрлөх вий. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум, их наядаар нь цөлмөн, цусалсан эрх баригчид ордон дотор гэдсээ тэврэн тухалж сууна.
Өнөөдөр 60 тэрбумын схемээр төрийн албыг арилжсан хэрэгт хэн ч ял аваагүй. ЖДҮ-ийг дэмжих санг цөлмөсөн томчууд төрийн ордонд хөлөө жийж, ажлыг нь гүйцэтгэсэн хэдэн алба хаагч шүүхээс ял сонссоор…
Өрөг.мн сайт сан цөлмөгсөд моданд орох үеэр төрийн тусгай сангуудаас зээл авчихаад төлөхгүй гээд ширлэж суудаг хэд хэдэн эрх баригч, тэдний хамаарал бүхий хүмүүсийн талаар цуврал нийтлэл, сурвалжилга бэлтгэсэн. Үүнийг нэг нь ХХААХҮЯ-ны сангуудад ямар ч өр төлбөр байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, "зээлгүй" гэж таг гүрийж байсан Л.Чинбатын “Мөнх улз” ХХК ХААДС-аас авсан нэг тэрбум 26 сая 428 мянган төгрөгийн зээлийн асуудал юм. Энэ тухайд Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл өгөхдөө, Шүүх дээр үйл ажиллагааг удаашруулах муу аргаа мэддэг нөхдүүд зээлээ төлөхгүй бултсаар байгаа асуудлыг хэлж байсан юм. Энэ зээл юу болов?
Түүнчлэн БЗС-гийн асуудал ч хөндөгдсөн. АТГ-ын дэд дарга асан Б.Хурцын охин Х.Намуун шалгуур хангалгүй авсан 72 мянган ам долларын зээлээ, тэтгэлэг гэж андуураад, одоо төлөхгүй гээд шүүхдэлцэж буй гэх сураг дуулдсан. Энэ мэт авлигын шинжтэй асуудлуудыг 5Ш ажиллагааны хүрээнд хэрхэн шийдэв.
Сонгуульд зориулж хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй энэ ажиллагаа нь Шүгэл, Шүүр, Шувуу, Шил, Шилжүүлэн авах гэхчлэн нэршлээсээ эхлээд хэлбэрт ач холбогдол өгсөн нь харагддаг. Иргэдээс оноо авах гэж хичээсэн ээлжит боловсронгуй ажиллагааны хүрээнд, МАНАН-гийн толгойнуудын нэг гэгддэг Т.Бадамжунайг Филиппинээс авчирсан явдал байв. Гэтэл саяхан Т.Бадамжунайг мөрдөн байцаахаар боллоо гээд толгойг нь илэх нь холгүй мэдээлэл олон нийтэд өгсөн. Үргэлжлүүлээд мөн л саяхан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг хууль бусаар хөрөнгөжсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадаагүй гээд нэгийг нь гурван жил, нөгөөг нь таван жил “амраах” шийдвэр гаргаж үнсэв. Угаасаа пиар хийх л зорилготойгоор 5Ш ажиллагааг эхлүүлсэн байж.
Авлига төдийгөөс өдийг хүртэл амь бөхтэй үржсээр байгаагийн учиг нь Монгол Улсад шударга бус байдал хавтгайрсантай, эрх мэдэлтнүүд эгэл ардын боломжийг увайгүйгээр хулгайлсаар байдагтай шууд холбоотой. Нэгэнтээ боломжоос хаягдсан ард иргэдийн хувьд арав таван цаасны авлига өгөөд ч болов мөнөөх боломжоо ашиглах гэж үздэг, оролддог хандлага хэдийнээ тогтсон.
Авлигатай үнэхээр тэмцье гэвэл энэ улс орны иргэн бүрт өсөж, дэвжиж амьдрах боломж нь нээлттэй, ижил тэгш байх ёстой юм. Тэгэхгүйгээр Засгийн газар хэдэн арван Ш ажиллагаа зарлаад, төрийн хэдэн хулгайчаа хилийн чинадаас авчраад ч нийгэм дэх авлига үндсээрээ арилж алга болохгүй.