Даваа гарагт нийтлэгдсэн судалгаагаар БНСУ-ын 10 хүн тутмын ес нь БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүйжүүлэх боломжгүй гэж үзжээ.
Тодруулбал, “Gallup Korea” судалгааны байгууллага 1043 хүний дунд судалгаа явуулахад 91 хувь нь Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсооно гэдэг “боломжгүй зүйл” гэж хариулсан байна. Харин өнгөрсөн жилийн хувьд энэ үзүүлэлт 77.6 хувьтай байсан юм.
Түүнчлэн судалгаанд оролцогсдын 60.8 хувь нь АНУ Солонгосын хойгт аюулгүй байдал тогтооно гэдэгт эргэлзэж байгаа аж. Учир нь БНАСАУ АНУ-д хүрэх чадалтай тив алгасагч баллистик пуужингаа мөн туршаад буй. Гэхдээ судалгаанд оролцогсдын 40 хувь нь АНУ эрсдлийг үл хамааран Солонгосын хойгийн аюулгүй байдлын төлөө цэргийн сургуулилтаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү судалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ганцаарчилсан ярилцлагын аргыг ашиглан хийжээ.