“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Ариунчимэгийг урьж ярилцлаа. Тэрээр 2013 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөж, уран бүтээлийн гараагаа “Маск” продакшнаас эхэлжээ. Хэсэг хугацаанд урлагийн салбараас хөндийрсөн тэрээр саяхан анхны гол дүр болох “Ээж” олон ангит киногоороо эргэн ирж буй.
Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, үргэлж хүчтэй байх гэж хичээхгүйгээр өөртөө уйлах, эморох эрх чөлөө олгож байгаа нь өөрийгөө хайрлаж, өөртөө шударга хандаж буйн нэг хэлбэр гэж ярихдаа ингэснээр амьдралыг илүү амар амгалан болгодог гэв.
Тэрээр “Би аав, ээжээсээ гурвуулаа. Айлын гурван охины дунд охин. Айлын том, дунд, бага хүүхдүүд бүгдээрээ ялгаатай зан ааштай байдаг. Би ерөнхийдөө яг л классик дунд хүүхэд. Өөрийгөө болгоод явдаг. Гэрийнхнээсээ жаахан өөр. Урлаг, уран сайханд сонирхолтой. Арай нээлттэй өссөн.
ДҮР БҮТЭЭХ МӨРӨӨДӨЛТЭЙ
Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэвэл худлаа болно. Багадаа багш болохыг мөрөөддөг байсан. Хүүхдүүдийн мөрөөдөл их солигддог шүү дээ. Би анх дуучин болно гэж боддог байж байгаад, дараа нь олон жил багш болно гэж мөрөөддөг байсан. Том болоод, мэргэжил сонголт хийхдээ сэтгүүлч, зохиолч болно гэж мөрөөддөг байсан. МУИС-ийн сэтгүүлчийн ангид орно гэж мөрөөддөг байж байгаад сэтгүүлчийн ангидаа тэнцээгүй. Улаан шугамын яг доогуур орсон. Ер нь жаахан шалгалтын одгүй. Гэхдээ СУИС-д санамсаргүй, хувь тавилангаараа гэмээр орсон.
Сургуулиа төгсөөд Маск продакшнд ажиллах тун азтай боломж олдсон. Анх Маск продакшны Чука эгч дөнгөж төрөөд, оронд нь гарах жүжигчин байхгүй, би дөрөвдүгээр курсд байхдаа дуудагдаж, тоглолтод Чука эгчийг орлож гарсан. Тэр үед их аймар байсан. Тухайн үед Маск продакшны захирал байсан Эрдэнэзаан ах “Албан ёсоор манай хамтлагт тавтай морил” гэсэн. Уг нь их азтай. Сургуулиа төгсөхөөс өмнө хамт олонтой болж, ажлын байранд гарсан ч хүүхэд жаахан учраас харах хүнгүй болоод Маск продакшнд хоёр жил ажиллаад, 2015 онд ажлаасаа гарсан.
Кино урлагт дүр бүтээх гэж ярьдаг. Энэ нь бүтээсэн дүр нь жинхэнэ бодит хүн юм шиг хүмүүсийн сэтгэлд үлдэхийг хэлж байгаа юм. Манай алтан үеийн жүжигчид байна. Жинхэнээсээ тийм хүн байдаг ч юм шиг. Forest Gump гэх мэт гаднын гоё кинонууд дээр тэр хүн амьдрал дээр жинхэнээсээ байдаг юм шиг дүр бүтээдэг. Тиймээс миний мөрөөдөл дүр бүтээх.
ХҮСЭЭГҮЙ ЗҮЙЛДЭЭ “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛЭХ НЬ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ БУЙН НЭГ ХЭЛБЭР
Би хааяа өөрийгөө ойлгодоггүй. Ихэнх хүмүүс намайг нээлттэй, хөгжилтэй, эрч хүчтэй, цоглог гэдэг. Яг үүнтэйгээ дүйцэхүйц эмо, ганцаараа байх дуртай хүн миний дотор зэрэгцэн оршиж байдаг. Хүн бүр ийм байдаг болов уу гэж боддог. Жишээлбэл, би олон хүмүүстэй байх дуртай. Гэхдээ олон хүмүүстэй хөгжилтэй, гоё байсныхаа хэрээр яг тэр зарцуулсан энергиэ нөхөж авахын тулд ганцаараа байх хэрэгцээ шаардлага гардаг. Юу ч хийхгүй эмороод, юм бодоод л. Хааяа уйлах хэрэгцээ хүртэл гараад ирдэг. Би одоо уйлах ёстой юм шиг санагддаг. Уйлж, дотоод сэтгэлээ өдөөж, сайхан уйлаад тайвшрангуут дотор онгойно. Надад их хэцүү байгаадаа биш, надад ийм хэрэгцээ байгаа юм шиг санагддаг.
Өөрийгөө хайрлана гэдэг нь хүсэхгүй байсан ч зөв зүйлээ хийх, хүсэж байсан ч буруу зүйлээс татгалзах. Өөрийнхөө сэтгэлийг сайн хайрлах хэрэгтэй гэж боддог. Үнэхээр хортой харилцаанд байгаа хэр нь “үгүй” гэж хэлж чадахгүй байна гэдэг нь өөрийгөө золиосолж байгаа хэрэг. “Үгүй” гэж хэлэх нь миний хувьд маш том өөрийгөө хайрлах хэлбэр гэж боддог. “Үгүй” гэж хэлж чаддаг хүмүүс их зоригтой байдаг. Харин би хүний арга эвийг нь олчих гээд л. “Үгүй гэдэг үгнээс айдаг. “Үгүй гээд хэлчихвэл энэ хүн гомдох болов уу, надад дургүй болчих болов уу гэж боддог. Дотроо “Үгүй” гэж бодож байгаа ч хэлж чаддаггүй байсан. 30 нас гарахаар хүн хүсэхгүй байгаа зүйлдээ “Үгүй” гэж хэлж сурдаг юм байна. Өөрөөсөө ч их зүйл хүсэхээ больчихдог юм байна. Болохгүй байгааг болгох гээд л, чадахгүй байгаа зүйлээ заавал чадах гээд байх утгагүй. Дээрээс нь хүсэж байгаа зүйлдээ цаг, мөнгөө зарцуулж чаддаг. Өөртөө хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ их ялгаж сурдаг юм байна.
НЭГ ГАЦСАН НАМАГТАА ЖИВЭХИЙГ ХҮСДЭГГҮЙ
Өдийг хүртэл хүн бүр өөр өөрсдийн замаар жаргал, зовлонгоо туулаад явж байна. Би өөрөөрөө бахархдаг зан чанар маань юмыг хүндрүүлж боддоггүй. Ямар ч хүнд, хэцүү зүйл байсан аль болох хөнгөнөөр хүлээж авахыг хичээдэг. Хэцүү байсан ч тухайн үедээ хэцүүгээ хүлээн зөвшөөрөөд, бууж өгөх. Гэхдээ тэр нь жинхэнэ асуудалд болтлоо үргэлжилж болохгүй. Ертөнцийн төгсгөл л биш бол энэ асуудалд гарц, шийдэл нь бий. Үнэхээр их сэтгэлээр унасан үедээ “Одоо болсон. Хангалттай их сэтгэлээр унасан. Цаашдаа яах билээ, яаж амьдрах билээ” гэж хэлдэг. Ингэхдээ би сэтгэлээр унахгүй байх гэж өөрийгөө хүчлээгүй, хангалттай сэтгэлээр унах эрх чөлөө өөртөө өгсөн. Нэг гацсан намагтаа живэхийг хүсдэггүй. Тэндээс өөрийгөө босгож гаргаж ирэхийг хичээдэг.
УЙЛЖ, ШАНТАРЧ, ЧАДАХГҮЙГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ӨӨРТӨӨ ЗӨӨЛӨН, ШУДАРГА ХАНДАХЫГ ХИЧЭЭДЭГ
Хүмүүс өөрийгөө хүчтэй байлгах гэж их хичээдэг. “Хүчтэй, зоригтой бай. Хичээгээд бай” гэх мэтээр өөрийгөө хурцалдаг. Хүн ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг их чухал. Жишээлбэл, Аристотелийн нэг ийм үг бий. “Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх, өөрчилж чадах зүйлийнхээ төлөө алхам хийх. Энэ хоёрыг ялгаж, салгах ухаан хайрла” гэдэг.Болоод өнгөрсөн зүйл эсвэл өөрөөс нь шалтгаалахгүй зүйлд юу ч өөрчилж чадахгүй бол зүгээр л хаях хэрэгтэй. Үнэхээр чамд хэцүү байгаа бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Уйлмаар байвал уйл. Шантармаар байвал шантар. Би алдаж болно. Бууж өгч болно. Би үүнийг чадахгүй байж болно гэдгээ хүлээн зөвшөөрнө гэдэг өөртөө зөөлөн, шударга хандаж байгаа хэлбэр. Болохгүй байгаа зүйлийг “болно оо” гээд хичээгээд. Уйлмаар байхад “уйлж болохгүй шүү, сул дорой байж болохгүй шүү” гэх мэт хандлага эсрэгээр нь хүнийг дотроос нь идээд байдаг. Дараа нь жинхэнээсээ унахдаа илүү хүчтэй унадаг гэж боддог.
Сүүлийн үед өөрсдөөсөө шалтгаалсан зовлонгоор зовмоор байна гэдэг хүсэлтэй болоод байна. Жишээ нь, бид үр хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Ингэхэд амьдралын нөхцөл үнэхээр хэцүү байна. Утаа, нийгмийн асуудлууд ч юм уу. Өнөөдөр надад хэцүү байгаа, миний сэтгэлийг зовоож байгаа зүйл би өөрчилж чадахааргүй, надаас шалтгаалаагүй зүйлс байгаад байна. Хүн өөрөө өөрсдийнхөө үйлийнхээ үр шимийг эсвэл үйлийн үрийг хүртээд явах нь байж болохуйц. Яагаад ч юм хүүхэд ханиад хүрэх бүрд “Утаа байгаагүй бол ингэж ханиад хүрэхгүй байсан даа” гэж боддог. Би хүүхдээ дааруулбал надаас шалтгаалсан ханиад болж байна. Гэтэл утаанаас болоод хүүхэд ханиад хүрээд байхаар дургүй хүрээд байгаа юм.
Эх орондоо сайхан амьдраад, зовох мөрөөрөө зовж, жаргах мөрөөрөө жаргамаар байна. Бидний амьдралд гаднаас орж ирж байгаа том нөлөөлөл их хэцүү байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.