Халтирч унаснаас үүдэн өдөрт 100 гаруй хүн яаралтай тусламж авч буй талаар ГССҮТ мэдээллээ. Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл байна
Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилж байна.
Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна. ГССҮТ болон салбар эмнэлгээр хоногт 700 гаруй хүн амбулаторийн болон яаралтай тусламж, мэс засал, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ авдаг. Тодруулбал, нэгдүгээр сарын 31-ний байдлаар хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 400 хүн үйлчлүүлж, 359 хүн амбулаторийн үзлэгт орсон. Нийт 69 мэс засал хийгдэж, 434 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт нийт 23 хүн эмчлүүлж байна гэв.