Монгол улсаас Бүгд Найрамдах Казакстан улсад суугаа элчин сайдын яам болон Алматы хот дахь консулын төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газруудад “ХУРДАН” цэгийг үе шаттай нээн ажиллаж байна.
Энэ удаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яаманд болон Алматы дахь Консулын төлөөлөгчийн газарт “ХУРДАН” цэг албан ёсоор нээлтээ хийж, хилийн чанадад байгуулагдсан 22 улсын 31, 32 дахь цэг боллоо.
Тус цэг байгуулагдсанаар Бүгд Найрамдах Казахстан улс болон хавсран суугаа Узбекистан, Туркменистан, Тажикистан, Гүрж улсад сурч, ажиллан, оршин сууж буй Монгол Улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээнээс 98 төрлийн лавлагаа, тодорхойлолт, 56 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 313 төрлийн олон шатлалт үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.
Астана хотноо ажиллах үеэр Казахстаны "Үндэсний мэдээллийн технологи" ТӨХК-ийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Шынар Себепбаеватай уулзан туршлага солилцож, тус улсын “Төрийн үйлчилгээний төрөлжсөн төв” (ЦОН)-ын үйл ажиллагаатай танилцав.