Кино урлагийн салбар дахь хамгийн нэр хүндтэй, нөлөөлөл ихтэй шагнал гардуулах ёслол бол Академийн шагнал гардуулах ёслол буюу бидний хэлж заншсанаар Оскарын наадам. Энэ жилийн Оскарын наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг долоо хоногийн өмнө зарласан. Шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрийн шагнал нь тус наадмын хамгийн хүлээлт өндөртэй шагналуудын нэг байдаг бөгөөд энэ жил ч өрсөлдөөн өндөр байна.
Өнгөрсөн зун борлуулалтаараа тэргүүлсэн “Барби” киноны Барбигийн дүрийг бүтээсэн Марго Робби тус номинацид нэр дэвшиж чадаагүй. Харин алдарт найруулагч Мартин Скорзезийн “Killers of the Flower Moon” киноны хөрөнгөтэй, уугуул эмэгтэйн дүрээр Лили Гладстоун шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авах хамгийн магадлалтай нэр дэвшигчээр тодроод буй. Тэрбээр энэ номинацид нэр дэвшсэн анхны уугуул америк иргэн гэдгээрээ мөн онцлог. Жүжигчин бүсгүй нэр дэвшсэнээ мэдсэнээсээ хойш хэд хэдэн ярилцлагад орж буй. Уугуул Америкчуудын төлөөлөл гэхээс нь гадна тэдний кино урлагийн салбарт эрчтэй орж ирж буй байдал жүжигчин бүсгүйд дангаараа нэмэлт оноо болох боломжтой болж байгаа юм.
Оскарын наадмын хувьд олон талт байдал, тэдний төлөөллийг ихээхэн харгалзаж үздэг. Лили Гладстоунтай зэрэгцэж жүжигчин Эмма Стөүн хүчтэй өрсөлдөж буй. Дарк комеди төрлийн “Poor things” киноны Белла Бакстерын дүр жүжигчин бүсгүйд нэг төрөлд хоёр дахь Оскарыг нь авчирч магадгүй гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.