Монголын циркийн акробатын хамтлаг болох “Трүүп Амараа” нь энэ сарын 19-28-ны өдрүүдэд Монако улсад зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн хамгийн том тэмцээн болох “МОНТE КАРЛО ФEСТИВАЛ”- д шидэх банзны үзүүлбэрээр оролцож “МӨНГӨН АЛИАЛАГЧ” цомоор шагнуулжээ. Уг тэмцээнээс Монгол жүжигчид 1986 онд хос нугаралт төрлөөр нэг удаа мөнгөн алиалагч цом авч байсан бөгөөд акробатын төрлөөр Монгол жүжигчид анх удаа мөнгөн цом авч Монголын Циркийн түүхэнд шинэ амжилт тогтоогоод байна. Хамтлагийн ахлагч Тогтбаатар овогтой Амартүвшин нь уг фeстивалд өөрийн найруулж, продюсeрлэсэн “ХҮННҮ ИМПАЙР” үзүүлбэрээр 14 жүжигчний бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэд ирэх сарын 1-ний өглөө эх орондоо ирнэ.
Тогтбаатар овогтой Амартүвшин нь циркийн урлагт 24 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд дэлхийн хамгийн том цирк болох Канад улсын “Нарны цирк”-т долоогн жил ажиллажээ. Мөн 2017 оноос Трүүп Амараа нэртэй акробатын хамтлагийг байгуулж, дэлхийн олон оронд Монголын циркийг төлөөлөн аялан тоглолтод оролцсон юм. 2023 онд Хятад улсын Учо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээнд хамтлагаа ахлан оролцож “МӨНГӨН АРСЛАН” цомоор шагнуулсан.
Т.Амартүвшин нь дэлхийн олон сая үзэгчдэд Монголын циркийг сурталчилан таниулж байгаа төдийгүй хамтлагийнхаа олон жүжигчдийг өндөр түвшинд дасгалжуулан, циркийн жүжигчдийн залгамж халааг бэлдэж буй Монголын циркийн манлайлах жүжигчдийн нэг юм.