"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. Үүнээс 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг аж.
Тодруулбал, 2022 оны 1,072 хувьцааны ногдол ашиг нь татварын дараах дүнгээр 104,000 төгрөг болж, өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ. Харин шинээр хувьцаа авч буй 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдийн мөнгө хүүхдийн мөнгөний дансаар нь шилжинэ. 104,000 төгрөг бол татвар суутгагдсан дүн юм.
Харин 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257,000 төгрөг болж байна.