Энэ өвлийн анхны цас орсноос хойш 5000 гаруй хүн халтирч унан бэртэж, ГССҮТ-д хандсан байна. Зөвхөн анхны цас орсон өдөр л гэхэд 435 хүн бэртсэн гэх. Түүнээс хойш гарын таван хуруунд багтаж тоологдохоор удаа цас оров. Сүүлчийн орсон цас өмнөх цасуудтайгаа хамт их хотын гудамж талбайгаа өнгөлөн, өдгөө мөс болон гялтганан байна. Арилгахгүй л бол яаж ч арилах билээ. Энэ өвлийг тавтай давахын тулд баримтлах зөвлөмжийг Эрүүл Мэндийн Яам өгөхдөө “Халтирч унахгүйн тулд өвдгөө нугалж, бөгтийж, пөөнийж яв. Нэгэнт оройтож халтирах аваас тохойн үеэ бүү тэнийлгэ” гэснээс өөрөөр төрийн байгууллагууд “А” гэж дуугарсан нь бараг үгүй. Уг нь ч мэдэхэд илүүдэхгүй л зөвлөмж шиг. Гэхдээ халтираад байх юмгүй цэвэрхэн замтай болчихвол бүх нийтээрээ бөгтийж явах шаардлагагүй амар л баймаар.
Өнгөрсөн өвөл ч мөн халтирч бэртсэн иргэдийн тоо 8000 гаруйд хүрч, иргэд шаагилдан дургүйцэхэд “Халтирч унасан газартайгаа хамгийн ойрхон ААН-ээр хохиролоо барагдуулах боломжтой” хэмээн хоёр нохойн дунд яс хаях шиг мэдэгдэл хийгээд орхисонсон. Улмаар өдгөө Мөсөн өргөөд нэг цагийн дотор хамгийн олон хүн буюу 408 хүн нэг дор гулгасан хэмээн Геннист бүртгэгдээд л. Хүний тоогоо буруу өгчихсөн шиг байгаа юм. Угтаа Улаанбаатар гэх энэ том “мөсөн өргөөд” сая гаруй иргэд өглөө оройгүй гулган наадаж байна. Гулган наадах биш гулгаж, халтирч байна гэвэл зохино.
Ер нь халтирна гэдэг манай хотын тусдаа соёл, худалч хүнд урлаг шахуу болчхоод байна. Эхнээсээ энд тэнд халтирч унахдаа өөрсдийн нэрийн "поз"-оо зохиож, эвтэйхэн, дээрээс нь загварлаг унах урлагт суралцаж байгаа аж.
Нэгэн иргэн саяхан Суданаас ирээд энэ урлагийн төрөлд оройтож ороод ширүүхэн дайрч байгаа талаараа ярилаа. “А, Б” янз бүрээр сууж, гудамжны бүжиг гэдэг шиг гудамжны уналтаар овоо амжилт үзүүлэх төлөвтэй байгаа гэнэ. Энэ эрчээрээ хичээллэж байгаад улсын “уран уналтын тэмцээн” зохиогоод өөрөө түрүүлэх холын бодолтой байгаа талаараа ч хэллээ. Өвлийн эхэнд сошиалаар хэдэн хүүхдүүд баянхошууны гудмуудаар чаргатай давхилдаж, асуудалгүй лав арав гаран км/ц-ийн хурд авч байгаа бичлэг олонд түгснийг хараад хотын захуудаар бэлтгэлээ хангаж болох бэлэн зай талбай байгааг сэхлээ гэв. Өвлийн төгсгөлд энэ төрлөөр мэргэжлийн тамирчин болох төлөвтэй байгаа аж.
Харин зарим хүнд тэгж дээшээ тэнгэр харж унаад байх хүсэл байхгүй тул нэг түлхэлтээр гулгаж явсаар хүрэх газраа хүрчихмээр овоохон халтирдаг гутал авах санаа бий гэнэ. Уг нь бодоход цана тохирмоор ч овор ихтэй гээд дургүйлхэх.
Өнгөрсөн зуны үерээр завь авч чадаагүй хүмүүстээ энэ гулгаагаар өөртөө ямар нэг юм авч, өвлийг яс бүтэн, эрхтэн бүрэн даваарай гэж ерөөе. Зун нь сэлж сураад л, өвөл нь гулгалтаар хичээллээд бид ч өвөл зунгүй зугаацан цэнгэж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжоор хангагдсан ээлтэй хотын азтай иргэд дээ.