Бид Монголын анхны амьтан асрах төв болох UB Shelter-ийг үүсгэн байгуулагч М.Ариунсанаатай ярилцаж, түүний амьдралын түүх, цаашдын зорилгынх нь талаар сонслоо. Тэрээр бага наснаасаа л амьтанд, ялангуяа нохойнд хайртай хүүхэд байсан бөгөөд гудамд гүйж яваа эзэнгүй нохой, муурыг өрөвдөн гэртээ авчирч ээждээ загнуулдаг байжээ. "Авчирсан амьтныг минь гудамд гаргачихаар өрөвдөөд уйлаад л үлддэг байсан" хэмээн хэлэх нь түүнийг хэчнээн энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй хүн гэдгийг илтгэнэ. Бага насандаа тийнхүү амьтдад туслахад бие нь балчирдаж байсан ч насанд хүрсэн цагаасаа эхлэн амьтдыг аврах их үйлст ханцуй шамлан оржээ. Улмаар одоогоос арав гаруй жилийн өмнөөс хаягдсан, бэртэж гэмтсэн амьтдыг эмчилж асран, эзэн олж өгөх ажлыг сайн дураараа хийж эхэлсэн байна.
Таарсан эзэнгүй амьтан болгоныг өөртөө авсаар гуч гаруй амьтантай болж, цаашид хүч хүрэхгүй санагдсан нь амьтан асрах төв нээе хэмээх бодолд хөтөлсөн байна. Өдгөө тэрээр нийт 400 гаруй амьтдыг аварч, асран, эзэнтэй болгоод байгаа юм. Өнөөдөр тус төвд зуу гаруй амьтан байгаа бөгөөд байнгын ажилтан байхгүй ч сайхан сэтгэлээр тусалдаг зургаан хүн байдгаас гадна, Америк элчний ажилчид хоол хүнсний хандив өгч, жилдээ хэд хэдэн удаа ирж тусалдаг гэнэ. UB Shelter амьтан асрах төвд сайн санаат хүмүүс хандив өгдөг хэдий ч тогтмол орлого, хөрөнгө оруулалт байхгүй учир тэрээр амьтдынхаа өдөр бүрийн хоол хүнсийг хангах, түлшээ авах зардалд байнга санаа зовж явдгаа мөн ярьсан юм. Асрах төвийн нэг өдрийн бүх зардал хамгийн багадаа 200,000 төгрөг болдог байна.
Тэдний гол орлого нь нас барагсдынхаа араас буян үйлдэх зорилгоор хувь хүмүүсийн өгөх хандив, сайн дурын байгууллагуудын тусламж байдаг байна.
Хүмүүс "Амьтан асрах төв юм бол, энэ гудамд ийм амьтан явж байна ирж ав" гэх мэтээр биелүүлэхэд хэцүү шаардлагууд тавьдаг ба үүдэнд нь үргэлж нохой муур авчраад тавьчихсан байдаг аж. Тэрээр "Болдог бол бүх амьтдыг эмчилж, асарч, хайрлахыг хүсдэг ч хүн хүчгүй, санхүүгийн боломж тааруун улмаас нэмж амьтан авах боломжгүй үе байдаг" хэмээн харамсан ярьсан юм. Түүний аварсан амьтдаас одоогоор дөрөв нь Америк улсад үрчлэгдээд байгаа юм байна.
Мөн тэрээр асрах төвийнхөө нохдыг яг л хүн шиг дүрслэн ярьж байсан нь сонирхол татсан билээ. Олон ноход дунд хэрүүл шуугиан таригч, төвийг сахигч, нийтэч бөгөөд бусадтайгаа эвтэй гээд янз бүрийн онцлог, зан авиртай нохой байдаг. Тэдэн дундаас Бэйби нэртэй нохой нь бусдаасаа илт ухаалаг, элдэв цоожтой хаалга, давхар цонхыг төвөггүй нээгээд гараад явчихдаг хэмээн хөөрөх Ариунсанаа.
Түүнээс цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийг нь асуухад тэрээр "Гудамд эзэнгүй амьтад их байгаа шалтгаан нь хүмүүсийн ухамсаргүй байдал, хамаа замбараагүй үржүүлж, эсвэл хүнээс аваад гаргаж хаядаг байдлаас үүдэлтэй. Тиймээс хүмүүсийн хандлагыг өөрчлөх нийгэмд чиглэсэн ажлыг хийж, муур, нохойдоо заслага хийлгэх нь энгийн, ойлгомжтой ойлголт болтол хэвшүүлэх юм сан гэж боддог" гэсэн юм.
Хэрэв та UB Shelter амьтан асрах төвд туслахыг хүсвэл тэдний фэйсбүүк хуудсанд хандаарай.
https://www.facebook.com/UBshelter?mibextid=ZbWKwL