Нэг дүгээр сарын 22-23 шилжих шөнө гарсан ослын үеэр онцгой байдлын гурван албан хаагч харамсалтайгаар амь насаа алдсан. Тухайн ослын үеийн эрсдэлийн нөхцөл байдал, авч болох байсан арга хэмжээг бид ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн, ХАБЭА-н удирдлагын докторант О.Одбаяраас тодрууллаа.
О.Одбаяр: "Онцгой байдлын албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг дутуу, ОБЕГ чиг үүрэг муу өгсөн юм болов уу гэж харж байна. Юунаас үүдэлтэй гал руу орж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад авах арга хэмжээ өөр өөр байна. Нэгэнт алдагдсан газыг унтраах боломжгүй, ус цацаад нэмэргүй. Дээрээс нь нэмж тэсэрч дэлбэрэх аюултай учраас хол зай авч ажиллагаа явуулах шаардлагатай байсан. Ер нь манай гал унтраах ангиуд хувцас, тоноглол, гал унтраах хэрэгсэл хоцрогдсон харагддаг. Бусад улс орнууд, ялангуяа манай хөрш улс Хятадад галыг унтраах маш олон арга техник, хэрэгслийн хөгжлүүд явчихсан. Манайх зайлшгүй оруулж ирэх, одоо байгаа хэрэгслүүдээ шинэчлэх шаардлагатай" гэсэн юм.
Мөн тэрээр хоолны газруудын газны хэрэглээ аюултай түвшинд, хэзээ мөдгүй дэлбэрч мэдэхээр байгаа талаар өгүүлсэн юм.
"Ер нь Монголд газны хэрэглээ өөрөө асуудалтай. Энэ хоолны газрууд, ресторануудад газны хэрэглээ өргөн байгаа. Арав, хорь, бүр тавийн баллонууд ашигладаг. Тэд нарын дэлбэрэлт, аюулгүй байдлын асуудлыг өнөөдөр бас л ярьж байхгүй бол хэзээ нэгэн цагт нэг хоолны газар маш олон хүмүүс цугларчихсан байхад дэлбэрэлт болох вий. Газыг хэрэглэхэд заавал газ алдахад мэдрэх мэдрэгч багажийг байршуулах хэрэгтэй. Бид нар газ үнэртэхээр нь л газ алдагдаж байна гэж мэддэг. Гэтэл үнэртэж байна гэдэг нь тэнд хангалттай хэмжээний тэсрэлт, дэлбэрэх нөхцөл бий болчихсон гэсэн үг. Хэн нэгэн асаагуур, гэрлийн унтраалга дарахад гэрлийн унтраалгаас хүртэл оч гарч тэсрэлт, дэлбэрэлт болно. Хамгийн наад зах нь газны баллоноо ил галтай ойр байршуулсан байдаг. Яг плиткийнхээ доор тавьчихсан харагддаг. Дээр нь дөрөв таван плитк нь ажиллаад л. Гэтэл тэр чинь тодорхой хугацааны дараа халалт өгнө. Тэрийг бид хэмжих, мэдрэх боломжгүй. Халалт өгч байгаад нэг мэдэхэд тэсрэлт, дэлбэрэлт болох эрсдэлтэй" гэлээ.